Урьд шөнө “Сандэй” худалдааны төвд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Урьд шөнө буюу 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутад Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг  хүлээн авч, 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасаг шуурхай ажиллаж галыг унтраагаад байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар гал унтраах ажиллагааг удирдан гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах 3 хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсаны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна. Мөн гал гарах үед 7 давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай 2 эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгчээ. 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Сандэй плаза" ХХК-ийн "Сандэй" худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны тавдугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын гурван гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top