Зам тээврийн сайдын шуурхай хурлаар юу ярив

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

 Даваа гариг бүрийн өглөө Зам тээврийн сайдын шуурхай хурал болдог. Өнөө өглөөний Сайдын шуурхай дээр харьяа байгууллагууд болон яамны газрын дарга нарт өгөгдсөн үүрэг даалгавруудыг онцлон хүргэж байна.

1. Даваа гараг бүрийн өглөө 7:30 цагт Сайдын шуурхай хуралдаж байгаа тул үдээс хойш хуралддаг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх асуудлаа дарга нар өмнөх 7 хоногийн пүрэв гараг гэхэд ТЗХЭГ-ын даргад өгсөн байх

2. Сайд М.Зоригт энэ 7 хоногт багтаан салбар, харьяа байгууллагуудынхаа залуу мэргэжилтнүүдтэй уулзаж санал бодлыг нь сонсохоор боллоо. Цаашид залуу мэргэжилтнүүдийнхээ ур чадвар, мэдлэг боловсролыг үнэлж тэдэнд итгэл хүлээлгэж ажиллах болно.

3. Төрийн бус байгууллагад ажлаа өгсөн шиг өгч, мэргэжлийн холбооддоо итгэж ажиллах хэрэгтэй байна. Сайд МАЗХ-той санамж бичиг байгуулчихаад байхад яагаад ажлыг нь хүлээлгэж өгөхгүй байна. Зам барилгын ажилд МАЗХ-ноос экспертиз ажиллуулахаар болсныг АЗТБХЗГ-ын дарга мэдсэн үү.

4. Авто тээвэрчдийн холбоо ОХУ-аас ирсэн цэнхэр тасалбарынхаа учрыг яаралтай тайлбарла. ТЗХЭГ-ын дарга П.Билгүүн хууль хяналтын байгууллагатай хамтарч өнгөрөгч 7 хоногт ирсэн 1000 ш цэнхэр тасалбарын учрыг яаралтай ол.

5. ИНЕГ-аас Тайландад нислэгийн удирдагчаар 12 хүүхэд сургана гэж 50 мянган төгрөгийн хураамж авчихаад одоо болтол асуудлыг шийдээгүй байгаа тул Сайд ИНЕГ-ын өмнөөс уучлалт гуйлаа. Хураамжийг бүртгүүлсэн иргэдэд яаралтай буцаан олгохыг даалгалаа.

6. Хиагт-Алтанбулагийг холбосон авто зам, төмөр замын адилаар усан тээврийн асуудлыг ОХУ-ын ЭСЯ-ныхантай уулзаж шийдвэрлэ.

7. Хөх хотод болох Экспод ЗТЯ-наас 10 хүн явна. Байнга явдаг дарга нар биш ажлаа сайн хийдэг мэргэжилтнүүдээсээ явуул.

8. АТҮТ-ийнхөн GPS тавиулаагүй нийтийн тээврийн хэрэгслүүдийг торгох, төрийн албаныхны тээврийн хэрэгсэлд хяналтын төхөөрөмж тавих асуудлыг өнөөдөртөө багтаан шийдвэрлэж маргааш өглөө танилцуул.

9. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих зөвшөөрлийг олгосон байтал УБТЗ, “Жемнэт” компанитай өдий болтол тохиролцоогүй, газрын асуудлыг шийдээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөдөр газар дээр нь өөрөө очиж танилцаж, шийдвэрлэе.

ЗТ-ийн сайд М.Зоригт  дээрх үүрэг даалгавруудыг харьяа байгууллагуудын дарга нарт өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.11.66) 2015 оны 10 сарын 14

Ажилчдаа хөгшин залуугаар нь ялгаж гэнэ, толгойгоор ялгамаар юм даа

0  |  0
Top