Ш.Түвдэндорж Байнгын хорооны даргаас нэрээ татжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хууль зүйн байнгын хорооны даргад өрсөлдөн гишүүдийн дэмжлэг хүлээгээд байсан Ш.Түвдэндорж гишүүнийг нэрээ татсан болохыг хэллээ. Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэхэд Д.Ганбат гишүүнээс гадна Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлсэн.

Санал хураахад Ш.Түвдэндорж гишүүн олонхийн дэмжлэг хүлээсэн юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн пүрэв гаригт хуралдаад бүлгийнхээ шийдвэрээс зөрж, Хууль зүйн байнгын хорооны даргад өөрийн нэрээ дэвшүүлсэн Ш.Түвдэндорж гишүүнд хариуцлага тооцон бүлгийн дэд даргаас нь чөлөөлсөн.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Ш.Түвдэндорж гишүүн нэрээ татсанаар Д.Ганбат гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэн, томилох боломжтой болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top