Шилэн дансны хуулийг төрийн алба хаагчид зөрчиж байна гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

Авлигатай тэмцэх газар иргэн Б.Цогтгэрэл нараас ирүүлсэн Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрдөх журмыг нэр бүхий 7 албан тушаалтан зөрчиж байгаа гэх гомдлыг хүлээн авч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хянан үзэв.

 Авлигатай тэмцэх газар иргэний гомдолд дурдагдсан 7 байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй танилцаад Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг үндэслэн уг гомдлыг хянуулахаар Үндэсний Аудитын газарт шилжүүллээ. Гомдол гаргагч нарт Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, хариу өгөхийг Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангадаас хүсэв.

 Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх” заалтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэдээллүүдийг ил тод болгох ажлыг сайжруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг холбогдох танилцуулгын хамт 2015 оны 10 дугаар сарын 21-ний дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэнд, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Улаанбаатар төмөр зам”, “Монголросцветмет” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагын удирдлагуудад албан бичгээр мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top