Шинээр баригдах барилгуудын газар хөдлөлтийн тэсвэрлэх хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

Өнгөрсөн  амралтын өдрүүдэд   Улаанбаатар  хотод   4,4 магнитуудын  хүчтэй  газар  хөдөлсөн. Түүнээс нэг  хоногийн дараа Налайх дүүрэгт  газар  хөдөлсөн гэх мэдээлэл гараад байна. Өнгөрсөн пүрэв гаригийн  УИХ-ын чуулганд  МУ Ерөнхийлөгч газар  хөдлөлттэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр газар  хөдлөлтөд  тэсвэрлэх  барилгын чанарын  талаар  санаа зовниж байгаагаа онцолж  байсан юм. Тиймээс  Монгол улсын  Барилга, хот байгуулалтын бодлого  газар хөдлөлттэй  хэрхэн уялдаж  байгаа  талаар Барилга,  хот байгуулалтын  дэд  сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

Сүүлийн  жилүүдэд  газар  хөдлөлийн  идэвхжилт  нэмэгдэж  байна гэх юм. Энэ үнэн үү?

Тийм ээ. Сүүлийн  жилүүдэд  газар  хөдлөлтийн идэвхжилт  нэмэгдэж  байгаа  талаар  судалгаа  хийгдсэн  байсан.  Улаанбаатар  хот орчимд 2005 онд 1000, 2009 онд 2000, 2010 онд 2500 удаагийн газар  хөдлөлт чичирхийлэл  мэдрэгдсэн  бүртгэл   байна  л даа. Жил  ирэх   тусам  өссөн  үзүүлэлттэй  харагдаж  байгаа санаа  зовоож  байна. 10 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод газар хөдлөлт мэдрэгдсэнээс  хойш өнөөдрийг  хүртэл улсын хэмжээнд  13 удаагийн чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн мэдээлэл  байна. Үүнээс  газар хөдлөлт  идэвхжиж байна  гэж  хэлж  болохоор  байна.

Ямар   аймаар   мэдээ  вэ?  энэ  тал дээр  манай  төр  засаг  ямар  арга хэмжээ  авч  ажиллаж  байгаа  вэ?

2009 оноос газар  хөдлөлт  идэвхжсэн гэж  түрүүн  хэлсэн. Нэг  жилд давтагддаг  байсан  тоо нэг улирлын тоотой дүйж  байна. Үүнээс  үндэслээд манай улс  2010 оны 1-р сарын  22-нд Аюулгүй байдлын  зөвлөлөөр  газар  хөдлөлийн  эрсдэлийн  асуудлыг  хэлэлцсэн байдаг.  Аюулгүй байдлын  зөвлөл дээр  газар  хөдлөлийн  эрсдэлийн үед  авах арга  хэмжээний  хөтөлбөр  батлуулах, бичил  мужлалын  зураг  хийх, судалгаа  шинжилгээний институт  байгуулахаар УИХ-аас Засгийн газарт  чиглэл  өгсөн байдаг. Одоогийн  байдлаар хөтөлбөрөө  батлуулаад  жил  бүр  үнэлж дүгнээд  ажиллаж  байна.  Бичил мужлалын зургийг  Улаанбаатар  хотын 9 дүүргийн хэмжээнд  хийсэн байна. Энэ  ондоо  батлуулахаар  ажиллаж  байгаа. Ирэх  онд  12 аймгийн бичил  мужлалын  зургийг хийж батлуулах боломжтой. Тэгэхээр  цаана нь 9 аймгийн   бичил  мужлалын  зураг  огт  хийгдээгүй үлдэж байгаа  биз.  Учир  нь хөрөнгө  мөнгө шийдүүлэх  асуудал  тулгараад  байна.

Хэдийгээр  өнгөрсөн  бямба гаригийн  газар  хөдлөлтөөр гарз  хохирол  учраагүй ч  гэсэн дахиад  илүү  хүчтэй хөдлөхийг үгүйсгэх  аргагүй юм. Цаашид  газар  хөдлөлтийн  гамшгаас хэрхэн  урьдчилан  сэргийлэх боломжтой  тухай таны  бодлыг  сонсмоор  байна? 

Газар  хөдлөлийн  алба  гэж  баймаар байгаа юм. Энэ алба  нь  4 чиг  үүрэгтэй   ажиллах  хэрэгтэй. Нэгд: Суурь  судалгааг  тасралтгүй гүйцэтгэх.  Энэ нь  одон  орон  судлалын  газарт  хамааралтай  ажил л даа.  Газар  хөдлөлтийн  баллын хэмжээ,  давтамж, одоо  байгаа  төлөв  байдлыг  тодорхойлж байнгын хэмжих мэдээллээр хангаж  байх.  Хоёрт:  Судалгаа мэдээлэлд  үндэслээд  барилгын  норм нормативыг  боловсруулж  хот болон  барилгын төлөвлөгөөг боловсруулах юм. Энэ бол салбарын  яамны хийх  ажил.  Гуравт: Дээрх норм  нормативыг гаргасны  дараа хуучин  барилгын  паспортжуулах бат  бөх  найдвартай байдлын  түвшинг тогтоох, цаашид  ямар  арга  хэмжээ авах тухайгаа  шийдэх ажил. За үүнийг  орон нутгийн  засаг  захиргааны байгууллагууд хийчихнэ л дээ. Дөрөвт нь  гамшгаас  хэрхэн  урьдчилан  сэргийлэх, гамшгийн  үеэр  ямар  арга  хэмжээ  авч  хэрэгжүүлэх  талаар  асуудал  байна.  Үүнийг  онцгой  байдлын газар зохион  байгуулж  болно. Тэгэхээр миний яриад  байгаа газар  хөдлөлийн  алба нь  энэ  дөрвөн  байгууллагын  хамтын ажиллагаанд   суурьлаж  байгуулагдах  ёстой. Гамшгийн  үндэсний  хорооны дэргэд  байгуулагдсан  салбар  дундын алба гэж  хэлж болох  юм. Тэгэхээр энэ албыг  байгуулах  зайлшгүй  хэрэгцээтэй  нөхцөл  бий  болсон гэж хэлж болно. Цаашлаад  энэ албыг “Гамшгийн  тухай хууль”-д  хуульчилж  тусгах  хэрэгтэй. Энэ алба байнгын  үйл ажиллагаатай, холбогдох  газруудын  уялдаа  холбоог зангидах  үүрэгтэй,  туйлын  хэрэгцээтэй шуурхай  алба  байх  ёстой.

Газар  хөдлөлтийн  давтамж  ихсэхэд  хот  төлөвлөлт  барилгын  чанарын  асуудал хэрхэн   уялдах  вэ? Манай улсын барилгын салбар үүнд бэлэн  үү?

Газар  хөдлөлтөд  хамгийн  их  өртөх  салбар  бол  яах  аргагүй барилгын  салбар юм.  Манай улс 2010 оноос  өндөр  барилгын  норм  дүрэм   мөрдөж  эхэлсэн. Энэ норм  дүрэм нь  16 давхраас  дээш  барилгад  үйлчилнэ  гэсэн үг  юм  л даа. Өндөр  барилгын  норм дүрмийг  батлахдаа их  өндөр шалгуураар  тогтоосон юм  байна лээ.  Бид эхлээд  бичил  мужлалын  зураг  дээр  үндэслэсэн  хот  төлөвлөлтийн  асуудлыг ярих  хэрэгтэй л дээ. Газар  хөдлөлт  идэвхтэй бүс нутагт  өндөр  барилга  барихгүй  байх, барихдаа  хэт өндөр  биш тохирох  даврахын  барилга  байгууламж  барихаар  төлөвлөх хэрэгтэй. Нэг  ёсондоо  газар  хөдлөлтийн  баллтай  барилгын өндөр,  давхрын  тоо урвуу, барилга хоорондын зай хэмжээ шууд хамааралтай  байна  гэсэн  үг. Тухайн   газар  нутаг  бүсэд  ямар  барилга  барих  вэ?  инженерийн  шугам  шүлжээ,  хийц  бүтээцийн  стандарт  нь  ямар  байхыг  газар  хөдлөлтийн  баллтай нь  уялдуулж  төлөвлөх  хэрэгтэй.  Дараа нь  бид  хөрсний инженер геологийн судалгааг  сайтар хийх  хэрэгтэй.

Нэг  өглөө босоод  ирэхэд  л  өндөр  шилэн  барилга сүндэрлэсэн  байх  юм. Ер  нь  Улаанбаатар  хотод  дээд  тал  нь хэдэн  давхар  барилга барих норм журамтай  байдаг вэ?  Өндөр  барилга барьсан  нь  дээр  үү?  Намхан   барилга  барьсан  нь дээр  байдаг  уу?

16 давхраас дээш   өндөртэй  барилгыг  өндөр  барилга гэж  үзнэ. Манайд  орон  сууцны зориулалттай  баригдаж  байгаа  барилгууд 12 давхраас  илүү дээшлэхгүй  байгаа. Мэдээж  хотын  өнгө үзэмж талбайн  багтаамжаа  бодвол  өндөр  барилга баригдах  хэрэгтэй  л дээ. Гэхдээ санамж  болгоомж  хэзээд  илүүдэхгүй. Манай улсын  хувьд хэт өндөр  барилга  барихад  тулгардаг саад  бэрхшээл  багагүй байна. Нэгд  гэвэл  газар  хөдлөлтийн  идэвхжилт  ихсээд  байна. Хоёрт  барилгын  материалын  үндсэн  бүтээгдэхүүн болон  бетон  төмөр  бетонон  хийц ийн  түүхий  эд  болох  элс  хайрга маань  стандартын  шаардлага  хангахад  хэцүү  байна. Стандартын орчинд  нь  бэхжүүлж  бас  чадахгүй  байна л даа.  Тиймээс  бетон   төмөр  бетонон  хийцээр  өндөр  барилга  барихад  хүндрэлтэй. Барилгын   материал  талаасаа ч  технологи  талаасаа газар  зүйн  байдлаа  ч  харсан хэт  өндөр  барилга  барихад  эрсдэлтэй. Тиймээс  хамгийн  зөв  шийдэл  нь  бичил  мужлалтын  зурагтай  уялдуулж  хот төлөвлөлтийн төлөвлөгөөг газар  хөдлөлтийн  баллтай  нягт  уялдуулах  ёстой.

            Энэ  мэтээр  газар  хөдлөлтийн  давтамж  болон  хэмжээ нэмэгдээд  байвал баригдсан  байгаа өндөр  барилгуудыг  яах ёстой вэ?

Хамгийн эхний ээлжид  ашиглах  хугацаа хэтэрсэн,  ашиглах  боломжгүй  нь тогтоогдсон  буюу  улаан  карт  авчихсан  байгаа  барилга  байгууламжийг  дахин   төлөвлөлтийн  дагуу шинэчлэлийн  ажлыг  хийх  ёстой.  Энэхүү  шинэчлэлийн ажилд  иргэд  албан  газрууд  хариуцлагатай хандах  ёстой. Үүнд  иргэдийн  дэмжлэг ихээхэн   хэрэгтэй. Харин  шинээр  баригдах  барилгын  хувьд бид газар  хөдлөлтийн  баллын  тэсвэрлэлтийг  нэмэгдүүлэх  хэрэгтэй. Газар  хөдлөлтийн  тэсвэрлэх  хэмжээг тухайн  хөрсний  баллтай  уялдуулсан  байх  ёстой. Газар  хөдлөлтийн  тэсвэрлэх хэмжээ нь  тухайн  хөрсний баллтай уялдах зайлшгүй  шаардлагатай. Газар  хөдлөлийн тэсвэрлэх чанар ихсэхийн  хирээр барилгын  төсөвт өртөг өсөх  магадлалтай.  Барилга  байгууламжийн  чанар нь  бодлогын  яам, орон нутаг,  барилгын  үйл  ажиллагаа  эрхлэгч  этгээдүүдийн  хамтын зүтгэл,  эрх  үүргээ ухамсарлаж  хэрхэн биелүүлэхээс  шууд  хамаарна.

Монгол  улсын  ерөнхийлөгч Ц.Элбэгдорж пүрэв гаригийн  их хурлын  чуулганд  хандаж  хэлсэн  үгэндээ 8 магнитудаас  дээш тэсвэртэй  барилга  барина  гэдэг  биднээс  шинэ  стандарт шаардаж  байна гэж  хэлсэн. Үнэхээр манайд  баригдаж  байгаа  барилгууд  8 магнитудын  газар  хөдлөлтийг  тэсвэрлэхгүй гэж  үү?

 Яалаа  гэж! Газар  хөдлөлийн мужлалын  зургийн  дагуу төлөвлөлтөө  хийгээд,  жил  бүр  үнэлж дүгнээд  ажиллаж  байна  гэж  түрүүн  хэлсэн. Өндөр барилгын  норм  дүрмийг  нэлээд  хатуу  тогтоож  өгсөн  ч  гэж  хэлсэн. Тэрхүү  норм  дүрмээ дагаад  үйл  ажиллагаа явагдаж байгаа. Газар  хөдлөлийн 7 баллын  бүс,8 балын бүс, 9 баллын бүсэд хэрхэн барилга  төлөвлөх, барилгын тэсвэрлэлт ямар  байх стандарт  нормыг  бид өнөөдрийг  хүртэл мөрдлөг болгон ажиллаж  байна.

Газар  хөдлөлтийн   идэвхжилт, давтамж  нэмэгдсэн талаар та сая  ярьлаа. Газар  хөдлөлтөд  хамгийн  өртөмтгий  салбар бол  барилгын салбар  ч  гэж  хэллээ. Салбарын бодлогыг тодорхойлдог байгууллагын  хувьд танай яам эрсдэлээс хэрхэн хамгаалах талаар ямар бодлого  баримталж  байна вэ? Иргэд, мэргэжилтнүүд хот төлөвлөлтийн өнөөгийн   байдал газар хөдлөлтийн эрсдэлийг тооцоолоогүй гэж шүүмжилдэг шүү  дээ.

Өнөөдөр  Улаанбаатар хотын  нийт барилга байгууламжийн  талаас  илүү  хувийг 60-70 онд  баригдсан барилгууд эзэлж байна. Тэр  үед  хот  байгуулалтын  ямар  бодлого баримталж  байсан   талаар  сайн   хэлж  мэдэхгүй юм. Анх  Улаанбаатар  хотыг 200-300 мянган   хүн  амьдрахаар  төлөвлөсөн  гэдэг  боловч  өнөөдөр хотын  иргэдийн тоо нэг сая хол даваад  байна. Түүнчлэн газар  хөдлөлтийн  идэвхжилт  анх  Улаанбаатар хот  төлөвлөж  байсан  үеийнхтэй  харьцуулахад  харьцангуй  хэмжээгээр  нэмэгдсэн. Салбарын  бодлого огт  уялдаагүй  гэж  хэлж  болохгүй. Газар  хөдлөлтийн  эрсдэлээс  хамгаалах  талаар  хуучирч ашиглалтын  шаардлага  хангахгүй  болсон  барилгыг  шинэчилж, шинээр баригдаж  буй  барилгуудад газар  хөдлөлтийг  тэсвэрлэх шаардлагыг нь нэмэгдүүлж  байгаа  тухай түрүүн  хэлсэн. Үүнээс гадна хотын  төвлөрлийг сааруулах дэд төслүүдийг хэрэгжүүлж байна. Хотын  төвлөрлийг  бууруулах,  хүн  амын нягтралыг тараах зорилгоор дагуул хотуудыг байгуулахаар  ажиллаж байна.  Тухайлбал Налайх  дүүргийг үйлдвэрлэлийн  бүс болгон  хөгжүүлэх, Майдар эко сити буюу  аялал жуулчлалын бүс,  Хөшигтийн  хөндий,  Зуун  мод гэх мэтээр дагуул  хотуудыг хөгжүүлэх төслүүд хэрэгжихээр зураг  төсөл  судалгаа,  шинжилгээний ажлаа эхэлсэн байгаа. Энэ нь цаагуураа газар хөдлөлийн  эрсдэлээс урьдчилан  сэргийлсэн,  газар хөдлөлтийн  баллтай уялдсан хот төлөвлөлт хийгдэж байгаа хэрэг юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
novshnuud(43.242.242.151) 2015 оны 10 сарын 13

haltar avgai shuu neeree. chimeegui tsarailchaad hahaj tsatsatlaa idsendee ene huuhen une togtvorjuulah hutulbur gedeg namiinhaa hutulburuus

0  |  0
Ardchilagch(112.72.13.197) 2015 оны 10 сарын 13

Ene usan teneg haltar avgai zailaach ee

0  |  0
Top