Цэнхэр тасалбар 1000-ыг олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 14

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болсон нь салбарын сайдынх нь чихэнд хүрч, эл асуудлыг нэг тийш хууль журмын дагуу болгох ажил эхэлсэн билээ.

Тодруулбал, ОХУ манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол Улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Гэтэл энэ онд эхний ээлжинд авсан 2000 зөвшөөрөл гуравдугаар сар гэхэд дууссан байна. Дахин 500-гаар хоёр удаа, 1000-аар нэг удаа авсан ч эдгээр нь өнгөрсөн наймдугаар сард дуусч, дахин 1000 ширхгийг авах хүсэлтээ ОХУ-ын Тээврийн яаманд тавиад байгаа аж. Эрэлт ийн өсөж байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэж албаныхан үзэж байна. Тиймээс Зам, тээврийн сайд М.Зоригт үнийн энэ хөөрөгдлийг зогсоох  үүргийг холбогдох албаны хүмүүст өгөөд байгаа. Тиймээс ЗТЯ, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг олгож байхаар болжээ. Энэ сард багтан ирэх 1000 тасалбарыг Зам тээврийн яамнаас олгох юм байна. 

Дашрамд дуулдгахад, наймаас дээш суудалтай автомашин ОХУ-ын хилээр нэвтрэхдээ цэнхэр бичиг авч гардаг. Энэхүү цэнхэр бичгийг олгох шинэчилсэн журамд зааснаар аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд аут баунтын гэрчилгээтэй байх, түүнчлэн жуулчин тээвэрлэх зөвшөөрөлтэй, туслах жолоочын нэрийг заавал мэдүүлэх ёстой гэж заасан байна.

Цэнхэр тасалбар олгох журмыг илүү чангатгаснаар үнэ хөөрөгдөхөөс сэргийлэх боломжтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top