Унгарын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан /Victor Orban/ албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр айлчлалынхаа эхэнд Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм. Түүний дараа Төрийн ордонд зочилж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурна. Унгарын Ерөнхий сайд УИХ-ын дарга З.Энхболдод бараалхаж, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзан, айлчлалын талаарх мэдээллийг өгөх аж.

Ноён Виктор Орбаныг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-д зочилж, Унгарын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах юм байна. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэнг худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохиох ажээ. Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top