Монголын өрийн 97 хувийг цайруулах хэлэлцээрийг батлав

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 25

ОХУ-ын Улсын Дум баасан гарагт нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсаас тус улсын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлгээр баталжээ.

Хуулийн төслийн тайлбар баримт бичигт тэмдэглэснээр, 2010 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар тус улсын ОХУ-д төлөх ёстой нийт өрийн хэмжээ 174.2 сая доллартой тэнцэж байгаа бөгөөд бүх өрийг барагдуулах хугацаа дууссан байна. Монголын өр 1900-гаад оны дунд үеэс өмнө үүссэн бөгөөд үүнд “Монголсовцветмет” хамтарсан үйлдвэрийн дүр­мийн сангийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэхээр хуучин ЗСБНХУ-аас ав­сан 163.7 сая шилжих рублийн зээлийн өр, мөн Внешэкономбанкны Монголын Төрийн банканд нээсэн клирингийн дансан дахь Оросын талын үлдэгдэл болох 10.5 сая клирингийн доллар орж байгаа юм.

Баримт бичгээс үзвэл, Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн зохицуулагдаагүй үүрэг нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг зогсоосон бөгөөд тухайлбал, Оросын компаниудыг Монголын нутаг дэвсгэрт тээврийн болон уул уурхайн салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхэд саад тотгор болжээ.

“2010 оны долдугаар сард хийсэн хоёр талын хэлэлцээний үр дүнд Монголын талын 163.7 сая шилжих рублийн өрийг болон 10.5 сая клирингийн ам.долларыг 3.8 сая долларын нэг удаагийн төлбөрөөр барагдуулах тохиролцоонд хүрч чадсан” гэж баримт бичигт дурдсан байна.

Монголын өрийн бараг 97 хувийг цайруулах хэрэгтэй гэж Сангийн дэд сайд Сергей Сторчак Улсын Думын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ тайлбарлажээ. “Энэ нь валютаар огт илэрхийлэгдээгүй өр гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь байгаагүй валютаар илэрхийлэгдсэн өрийн талаар зээлдэгч, валютаар илэрхийлэгдээгүй учир өр гэж байхгүй гэсэн асуудлыг тавих хэзээд боломжтой байдаг. Энэ тохиолдолд бид одоо байгаа мөнгөн нэгжээр дахин тооцохоор тохиролцсон” гэж Сторчак цохон тэмдэглэсэн байна.

Орос, Монголын Засгийн газар хооронд өрийг зохицуулах тухай гэрээнд 2010 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан боловч уг гэрээг батлах үйл явцыг 2011 онд зогсоожээ. Харин 2015 оны тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар уг үйл явцыг сэргээсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top