Хаврын чуулганаар 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцэх санал гаргажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

УИХ-ын намрын чуулганы хуралдаан сар шинийн өмнө завсарладаг билээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.

Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаарх танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан тухай дуулгалаа.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар,
-Монгол Улсын Ерөнхийлөгч 16,
-Төрийн байгуулалтын байнгын хороо 3,
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1,
-Эдийн засгийн байнгын хороо 5,
-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 14,
-МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28,
-Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгосон байна.
-Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас гурван санал тусгайлан ирүүлсэн. Хууль санаачлагчид хаврын ээлжит чуулганаар нийтдээ 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлжээ.

Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top