2016 оны эхний хагаст 1,104 айлын орон сууцыг ашиглалтад оруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 28

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “ТОСК” ТӨҮГ-ын “Эко Яармаг-1” хорооллын зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 31 хүртэл сунгаж, Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын хөрөнгийг шийдвэрлэв.

Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Орд” орон сууцны хорооллыг барих юм. Энэхүү байршилд “Очирням проперти Девелопмент” ХХК төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 26,7 га газарт нийт 3720 айлын орон сууц, 9 үйлчилгээний барилга, 2 сургууль, 2 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжид дөрвөн айлын газрыг чөлөөлж, 63 айлын орон сууцны барилгыг эхлүүлсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлаар Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын 2 тэрбум 491 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.

Одоогийн байдлаар үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 22 байршил, 57 хэсэгчилсэн талбайд нийт 1,360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2016 оны эхний хагас жилд 1,104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top