“Судалгаа-туршилт-үйлдвэрлэл” хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 01 сарын 29

Өнөө үед мэдлэгийн хүч, мэдлэг бүтээх чадвар нь аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал боллоо.

Өрсөлдөх чадварын индексийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийн нэг болох их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааны түвшин маш доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварын индексийг нэлээд доош татсан үзүүлэлт болоод байгаа юм. Иймд судалгааны их сургууль, мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийг бий болгоход их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ санал санаачлага дэвшүүлэх, уламжлалт харилцааг улам бүр өргөжүүлэх, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл” хэлэлцүүлгийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн Технологи дамжуулах төвөөс 2016 оны 1-р сарын 27-ны өдөр МУИС-д амжилттай зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт тус сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний сургуулийн захирал, дэд захирлууд, судлаач профессоруудын төлөөлөл болон Монос хүнс ХХК, Монхимо ХХК , Оюутолгой ХХК, АПУ ХК, Сүү ХК, Инжгеотех ХХК, Хаан Банкны бизнес инкубатор төв, ЕРМС ХХК, Монэнзим ХХК, Карьер ХХК зэрэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдах түвшний төлөөллүүд оролцлоо.

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив хэлсэн үгэндээ“МУИС-ийг хөгжүүлэх 2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-нд “судалгааны их сургууль” болох зорилт тавьсан,2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого” батлагдаж, МУИС-ийн оюуны өмчийг бүтээх, хамгаалах, аж үйлдвэрт шилжүүлэх, олон нийтийн хүртээл болгоход баримтлах бодлогыг тодорхойлсон, мөн “МУИС-ийн Технологи дамжуулах журам”-д заагдсаны дагуу МУИС-ийн хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүнд шинээр бүтээсэн, сайжруулан хөгжүүлсэн технологийг эзэмших эрх эдлэх, түүнийг зах зээлд нэвтрүүлэх, түүнээс орох ашгийг хуваарилахтай холбогдсон харилцаа зохицуулагдаж байгаа тухай танилцуулсан юм.

Мөн ХШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал П.Энхбаяр “Их сургуульд хөгжүүлж буй технологи, инновацийн үр дүн, шинжлэх ухааны ололт амжилт”-ын талаар сонирхолтой илтгэл тавьсан.

МУИС-ийн Био-органик хими, Фармакогнозын лабораторийн профессор Ж.Батхүү, докторант Б.Одонбаяр нарын эрдэмтэн, судлаачид Монос групп, Эм судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй таван жилийн хугацаанд хамтран ажилласны дүнд “Ургамлын цай хийх арга ба уг аргаар хийсэн цай” сэдэвт патентийг авч, стандартыг шалган, технологийн заавар боловсруулж Монос хүнс ХХК-тай 20 жилийн хугацаатай лицензийн гэрээ байгуулаад байсан. Тус хэлэлцүүлгийн үеэр Монос хүнс ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Мөнхцэцэг МУИС болон Монос хүнс ХХК-ийн хооронд байгуулсан технологийн лицензийн гэрээний үр дүн, цаашид хэрэгжүүлэх бизнесийн болон  маркетингийн төлөвлөгөөний талаар танилцууллаа.

 

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монхимо компани анх 1998 онд МУИС-ийн “Их сургуулийн хөгжлийн сан”-гаас санхүүжилт авч, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бизнесээ эхлүүлж байсан түүхтэй ба өөрсдийн судалж хөгжүүлсэн шинэ технологи, оюуны өмчийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай манай сургуулийн анхны гарааны компанид тооцогддог компани юм. Монхимо компанийн захирал М.Ариунаа “Компанийн судалгаа хөгжлийн концепци ба туршлага” сэдэвтэй илтгэлийг өөрийн компанийн жишээн дээр ярьсан ба тус компанийн хэрэгжүүлсэн инновацийн төслүүд, оюуны өмч ба барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын асуудлууд, судалгаа-туршилт-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны хөгжлийг хурдасгахад анхаарах асуудлууд, нанобиотехнологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан нь маш сонирхолтой байсан.

МУИС болон Монхимо хооронд эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтын хүрээнд буюу “Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэл” хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь анхнаасаа харилцан ойлголцож, хамтран ажиллаж ирсэн хоёр байгууллага хамтын ажиллагаагаа албажуулж, дараагийн шатанд гаргах сонирхлын илэрхийлэл болсон үйл явдал боллоо.

 

Карьер ХХК-ийн захирал Ж.Баяраа элс, цементийн судалгааг ХШУИС-ийн доктор Ц.Эрдэнэбаттай хамтран хийж ирсэн бөгөөд Монгол Улсад стандартын бус элсийг барилга, барилгын материалд хэрэглэгж байгаа нь үндэсний аюулгүй байдалтай холбогдох хэмжээнд хүрээд байгаа тухай биет материал дээр жишээ баримттай танилцуулж, энэ чиглэлийн судалгаа хийх, мэргэжилтэн бэлтгэх, стандарт батлуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

 

Сүү ХХК-ийн Борлуулалт, Маркетинги хариуцсан дэд захирал М.Болат шар сүүнд хүний биед шаардлагатай уураг маш их хэмжээгээр агуулагддаг чшар сүү тэр чигээрээ ашиглагдалгүй хаягдаж байгаа тул энэ талын судалгаа хийх, ашиглах аргачлал боловсруулах, сүү тарган бүтээгдэхүүнд нэмэлт хийж, тайвшруулах, стресс арилгах тараг, сүү хийх зэрэг судалгааны ажлуудад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулсан юм.

 

Инжгеотех ХХК-ийн захирал М.Мягмаржав тус сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын багш нартай хамтран ажиллаж, захиалгат судалгаа хийлгэж ирсэн бөгөөд цаашид физик, математикийн профессоруудтай хамтран цэвдэг, хурдас, онцгой хөрсний барилга байгууламжид үзүүлэх нөлөөг хамтран судлах сонирхолтой байгаа тухай саналаа илэрхийллээ.

 

Оюутолгой ХХК бол МУИС-тай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж, биологийн олон янз байдлын суурь судалгаа, нөхөн сэргээлтийн ажлын судалгаа хийж ирсэн. Уг компанийн хувьд нөхөн сэргээлт ямар хэмжээнд явагдаж байгааг шалгах үзүүлэлтүүд дутагдалтай байгаа, уул уурхайн компаниудын өмнө тулгарч байдаг асуудлуудыг дүгнэж үзвэл тоосжилт, хэрэглэж байгаа химийн бодисыг саармагжуулах зэрэг чиглэлийн асуудлууд чухал, уг асуудлыг шийдвэрлэх технологи, стандартын шинэчлэл дээр хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага тухай Оюутолгой ХХК-ийн төлөөлөл танилцууллаа.

EPMC ХХК-ийн захирал О.Батсүрэн “Бидний өмнө нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол. Бид идэж байгаа хүнс, амьсгалж байгаа агаараа мэдэхгүй байгаа. Энд эрдэмтэн судлаачдын боловсруулсан стандарт, мэргэжлийн экспертийн үнэлгээ хэрэгтэй байгааг ойлгосон. Шинэ компанийн хувьд санхүүгийн бэрхшээл өндөр байгаа боловч судлаач ба хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааны олон шинэ шинэ боломжууд байгааг бизнес болгох нь чухал байна.” гэсэн саналыг илэрхийлсэн.

АПУ ХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Оюунбилэг “Шинэ технологи нэвтрүүлснээр бизнесийн хувьд ашиг өссөн байх нь чухал. Их сургуулийн судлаачдын хувьд патентаа оновчтой үнэлэх хэрэгтэй. Бид харилцан ашигтай хамтран ажиллах хэрэгтэй. Мөн эрдэм шинжилгээний байгууллагаас нийгэмд санал шийдвэрээ илэрхийлж байх, тухайлбал гадаадаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудалд судалгаанд үндэслэсэн үнэн бодит мэдээллийг нийгэмд хүргэж байх хэрэгтэй байна.” гэсэн байр суурьтай байлаа.

 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч бизнесийн төлөөллүүдээс маш олон шинэлэг санал, санаачилга гарсан ба инновацийг бүтээгдэхүүн болгох, оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагаас хувийн хэвшилд оруулдаг инноваци, технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн судалгаа хөгжлийн ажлын эрчимжилт, “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл” хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, уг хэлэлцүүлгийг байнгын үйл ажиллагаатай болгон тогтмолжуулж, “Их сургууль-аж үйлдвэр-төр” гэсэн гурамсан холбоотой санал бодлын индэр болгож өргөжүүлэх талаар санал нэгдсэн болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(59.153.115.214) 2016 оны 01 сарын 30

:)

0  |  0
Top