Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Мөн улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг малчдад үнэ төлбөргүй олгох бөгөөд 2015 онд бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өгөхөөр боллоо. Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү хоёр тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.

Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгосон.

Түүнчлэн улсын нөөцөөс олгосон автомашиныг энэ оны хоёрдугаар улиралд багтаан өвс тэжээлийг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.