УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж, эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжээ. Энэхүү асуудал нь АСЕМ-д ашиглах автомашин болон техник хэрэгслийг татвараас чөлөөлөхтэй холбоотойгоор УИХ-д орж ирсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Г.Уянга “АСЕМ-ийн уулзалтаар зочид төлөөлөгчдөө монгол гэрт тухлуулж, дайлаад явуулж болохгүй байсан юм уу. Өчнөөн тэрбум төгрөг зарцуулах хэрэг байна уу. АСЕМ-ийг зохион байгуулахад хэдий хэмжээний  хөрөнгийг төсвөөс гаргаж байна вэ” хэмээн асуусан. Түүний асуултад Гадаад хэргийн сайд Г.Пүрэвсүрэн “АСЕМ-ийн бэлтгэлд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна. Энэ хэмжээнд хурлаа зохион байгуулна. Гаднаас үзүүлж байгаа техник тусламж бий. Түүний нэг нь Хятадын талаас 15 сая ам.долларын өртөг бүхий бараа таваар, Европын орнуудаас нэг удаагийн хурлыг зохион байгуулалцах зэргээр тусалж байгаа. Зочдод үйлчлэх авто машинуудыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн мөнгөөр оруулж ирж байна. АСЕМ-ийн зочдод зориулсан барилгуудыг хувийн хэвшил Хөгжлийн банкаар дамжуулан зээл авч өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа” хэмээн хариулсан юм.

eagle.mn