Золгох ёсон

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 09

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.
1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж  цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг.

Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар эв нэгдлийг эрхэмлэн  ахмад настнаа хүндэтгэн дээдэлдэг. Тийм ч учраас  нутаг усныхаа хамгийн ахмад настай хүмүүст  хүндэтгэл үзүүлэн очиж золгодог заншилтай. Үүнийхээ хариуд ахмадуудаасаа ерөөл сонсохыг  залуус маш их билэгшээдэг байна. Энэ өдрүүдэд хэрэлдэж муудалцах, муу үг хэлэхийг тэвчиж эвтэй найртай байхыг чухалчилдаг байжээ.

Харамсалтай нь уламжлалт энэхүү баярыг бэл бэнчингээ гайхуулах зардал ихтэй баяр болгон хувиргаснаар зарим нь тээршааж дарамт мэт үзэх хандлага бий боллоо. Эрт дээр үеэс Монголчууд өвлийн идэш хийх үеэрээ цагаан сараар тавих мах шүүсээ бэлдэж намрын налгар цаг буюу идээ цагаа элбэг байх үед таваг засах цагаан идээгээ бэлдчихдэг байжээ. Хүүхэд багачуудын гарыг цайлгахдаа ч ааруул хурууд, боов боорцог зэргийг өгдөг нь байсан нь малчдад төдийлөн бэрхшээл үзүүлдэггүй байсан байна. Харин өдгөө цагт хүмүүс суурьшмал амьдралтай болсноор идээ шүүснээсээ эхлээд бүхий л зүйлээ худалдан авч байгаа нь хүмүүст  нэлээдгүй зардал чирэгдэл болж байна.

Цагаан сараар эрхэмлэдэг олон ёс байдгийн нэг нь золгох ёс.  Чингис хаан ороо бусгаа цаг үед олон аймгуудыг нэгтгэж тулгар төрийг байгуулсан учир эв нэгдлийн бэлгэдэл болгож золгох ёс  үүссэн байна. Тийм ч учраас золгохдоо цагаан даавуу барьж золгодог байсан нь  эв нэгдлийн билэгдлээс гадна гар хоосон биш гэдэг утга санааг агуулдаг байсан аж. Харин энэхүү уламжлал нь яван явсаар  орчин цагт  мөнгөтэй золголт болж хувирчихаад байгаа билээ. Залуус нь ахмадуудаа мөнгөтэй золгож үнсүүлээд, түүндээ тохирох үйлчилгээг аван, хариултанд нь бэлэг гэх нэртэй жижиг сажиг зүйл аваад гарч буй мэт санагдана.  Ураг саднаа мэдэлцдэг уламжлалт их баяр маань наймаалцан золгодог баяр болчих вий дээ гэж зарим үед харуусал төрдгийг  нуух юун.

 

Золгох ёсон

 

Монголчууд баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг байна. .Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Мөн өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.
Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top