О.Баярмаа:Нарнаас хамгаалах тосыг буруу хэрэглэвэл арьсанд муу

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 23
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Сургалтын албаны дарга О.Баярмаатай нарны тос болоод түүний хэрэглээний талаар ярилцлаа.

-Манай улс харьцангуй их нартай, нарны тос заавал түрхэх ёстой улсуудын тоонд багтдаг юм билээ. Тиймээс нарны тосыг хэрхэн зөв сонгож хэрэглэх ёстой юм бол. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Нарнаас хамгаалах тос найрлагынхаа хувьд маш олон төрөлтэй. Нарнаас хамгаалах тосыг бид түрхээд байгаагийн гол учир нь ганц нарны гэрэлд байдаггүй. Компьютерээс гарч байгаа туяа, нарны цацрагаас нүүрнийхээ арьсыг хамгаалахад учир нь оршиж байгаа юм. Нарны тос маань нүүрний арьсан дээр тодорхой хэмжээний бүрхүүл үүсгээд, тэр бүрхүүл нь янз бүрийн төрлийн цацрагийг нүүрний арьсанд нэвтрүүлэхгүй байснаар хамгаалалт болдог. 

-Бүсгүйчүүд бид найз нөхдийнхөө хэлснээр сонголтоо хийчихдэг хүмүүс шүү дээ. Тэгвэл нарны тосыг бид яаж сонгох вэ?

-Нарнаас хамгаалах тосыг тухайн хүн арьсныхаа хэв шинжээс хамааран сонгох ёстой. Гэтэл зарим хүн тэгдэггүй. Тослог арьстай хүний түрхэж байгаа нарны тос хуурай арьстай хүнд мэдээж, таарахгүй. Яагаад гэвэл тэр хоёр хүний арьсны төрөл өөр, арьсанд нь шаардлагатай, арьсандаа авах ёстой тэжээл нь хүртэл өөр шүү дээ. Жишээ нь, тослог арьстай хүн бол тослог чанар бага агуулсан усан суурьтай тос түрхэх ёстой бол хуурай арьстай хүн чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэж байх шаардлагатай.

-SPF нь 50 байвал сайн гэж би нэг хүнээс дуулсан юм л даа. Тиймээс ч яг тийм орц найрлагатай нарны тос авчихаад түрхэж байгаа. Энэ маань зөв болов уу. Над шиг олон эмэгтэй байгаа байх.

-Нарнаас хамгаалах тос нь хоёр үзүүлэлттэй байдаг. SPF буюу PA гэсэн үзүүлэлттэй гэсэн үг. Энэ хоёр хоёулаа нар, цацрагаас хамгаалах үйлдэл үзүүлдэг. Энэ хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр төвшинд байсны үндсэн дээр хамгаалах чадвараа агуулдаг боловч яг SPF нь өндөрсөөд эхлэх тусам химийн агууламж нь ихсэж, төдий чинээгээрээ хүний арьсанд хоруу чанар үзүүлэх магадлалтай. Хамгийн тохиромжтой SPF-ийн хэмжээ нь 15 эсвэл 30-тай байх хэрэгтэй. 30 буюу түүнээс дээш болоод эхлэвэл түрхэж болно л доо. Гэхдээ байнга биш. Химийн бодисыг арьсандаа байнга түрхээд байвал арьсанд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Нэгэнт л тэр чинь химийн бодис гэдгийг бид мартаж болохгүй. Мөн зарим нарнаас хамгаалах тоснууд хөлрөлтийн хамгаалалттай байдаг. Энэ нь таны арьс хөлөрч нарнаас хамгаалах тос маань арьсан дээрээс шууд урсахгүй тодорхой хэмжээнд нарнаас хамгаалах идэвхийг хадгалж байна гэсэн үг юм. 

-Хоруу чанар нь арьсанд халтай гэлээ. Арьсанд хоруу байдлаар нөлөөлж байгаа эсэхийг нь бид өөрсдөө яаж мэдэх вэ?

-Нарнаас хамгаалах тосонд хамгаалах үүргийг гүйцэтгэхийн тулд маш олон төрлийн бодис орж байгаа. Жишээ нь, нарнаас хамгаалахын тулд тухайн нарны тос маань арьсыг хатаах, хуурайшуулах үйлчилгээ бүхий бодисыг агуулсан байдаг. Тиймээс магадгүй арьсанд хатаах, аргаах, хуурайшуулах шинж чанар нь давамгайлаад ирэх эрсдэлтэй. Эргээд арьсыг улайлгаж, эмзэгшүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Тухайн нарны тос маань ямар химийн найрлагатай байснаас хамаараад хоруу чанар нь тодорхойлогдоно. Нэмж хэлэхэд нарнаас хамгаалах тосны тагийг нээн битүүмжлэлийг алдагдуулж, хэрэглэж эхэлснээс хойш 1 жилийн дараа таны тос дуусаагүй байсан ч гэсэн хэрэглэхийг хориглоно. Учир нь тухайн тосны найрлага өөрчлөгдөн таны арьсанд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрсэн байдаг.

 

Яг SPF нь өндөрсөөд эхлэх тусам химийн агууламж нь ихсэж, төдий чинээгээрээ хүний арьсанд хоруу чанар үзүүлэх магадлалтай.

 

-Би гэхэд өглөөдөө нарны тос түрхээд гэрээсээ гардаг. Ингээд өдөржин дахиад нарны тос түрхдэггүй л дээ. Энэ маань хэр зөв хэрэглээ юм бол?

-Энэ бол буруу. Нарнаас хамгаалах тосыг өглөө гэрээсээ гарахаас 20-30 минутын өмнө түрхэж арьсандаа шингээх хэрэгтэй. Гэрээс гарахаасаа өмнө түрхсэн бол, SPF 20-30-тай тосыг та өдөртөө 2-3 цаг тутамд заавал сэргээж түрхэнэ. Өдөртөө тосоо арчиж авлаа, арьсыг цэвэрлээд дахиад сэргээж түрхэж байх ёстой. Гэтэл манайхан яг таны хэлдгээр өглөө түрхсэнээсээ хойш огт сэргээлгүйгээр өдөржин явж явж гэртээ ирдэг. Угаасаа нарнаас хамгаалах тос маань 2-3 цагийн дараа хамгаалах идэвхээ алдчихдаг юм шүү дээ. Тиймээс та өдөртөө 2-3 цаг тутамд нүүрнийхээ арьсыг хөнгөхөн цэвэрлэж яагаад болохгүй гэж. Заавал гэртээ байдаг шигээ бүх будгаа арилгахдаа гол нь биш. Яг түрхэгдэх хэсгүүдээ цэвэрлээд чийгшүүлэгчээ түрхээд, дараа нь дахиад нарнаас хамгаалах тосоо түрхлээ, тэгээд л боллоо.

-Гэхдээ үнэндээ манай эзэгтэй нар нүүрээ дахин цэвэрлэнэ гэхээс түвэгшээж энгэсгээ сэргээх нь илүү дээр гэж үздэг шүү дээ. Энгэсэг нь өөрөө нарнаас хамгаалах хамгаалалт болж чадах болов уу?

-Нарнаас хамгаалах арга маань олон янз. Жишээ нь, шүхрээр, саравчтай малгайгаар, нарнаас хамгаалах тос болон будалтаар хамгаалж болно. Үнэндээ будалт хийж нарнаас хамгаалах нь илүү дээр. Өөрөөр хэлбэл, нарнаас хамгаалах тосоо түрхээд дээрээс нь нарны хамгаалалттай пудр эсвэл крем түрхэж өгөх нь илүү сайн хамгаалалт болох юм шүү.

-Зарим хүн заавал нарны тос түрхэх шаардлагагүй гэж үздэг. Оронд нь крем, пурд нь хавьгүй илүү гэж үзэх нь ч бий. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Угаасаа крем, пудр нь механик хамгаалалтанд ордог. Ингэж хамгаалж болно, ингэж хамгаалсаар ирсэн хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ өнөөдөр нарны туяа маань тэр крем, пудрыг нэвтлээд л бидний арьсанд нөлөөлж байгаа гэдгийг бүү мартаарай. Нэгэнт л энэ XXI зуунд нарнаас хамгаалах тос нь гараад ирчихсэн байна, тэр тосыг судлаачид маань эмэгтэйчүүдийн арьсанд тохиромжтой хэрэглээ гэдэг үүднээс нь гаргаж ирж байгаа. Тийм учраас цаг үетэйгээ уялдуулаад нарнаас хамгаалах тосыг хэрэглэж хэвших нь зөв.

-Зарим хүн бас огт будахгүйгээр өөрийгөө маш сайхан эрүүл арьстай гэж тооцдог шүү дээ.

-Энэ бол нэгэн төрлийн эндүүрэл. Яагаад гэвэл өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм маш их агаарын бохирдолтой. Дээрээс нь нарны болон дэлгэцийн янз бүрийн цацраг бидний арьсан дээр, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйл дээр маань тусч байгаа. Тэдгээр бүх нөлөөллөөс тодорхой хэмжээгээр арьсаа хамгаалахын тулд заавал нэг юмыг хэрэглэх хэрэгтэй. Тиймээс л бид өнөөдөр шүхэр, саравчтай малгайг хэрэглээд байна шүү дээ. Энэ нь өнөөгийн шаардлагад нийцсэн хамгаалалт болоод байна. Та үнэхээр эрүүл арьстай байя гэвэл тодорхой хэмжээнд нарнаас хамгаалах тос түрхэж, будалтыг их, бага хэмжээгээр өөртөө тохируулж заавал хийж байх хэрэгтэй.

 

Нарны туяа маань тэр крем, пудрыг нэвтлээд л бидний арьсанд нөлөөлж байгаа гэдгийг бүү мартаарай.

 

-Тэгэхээр нарны тосыг 4 улирал харгалзахгүй түрхэх ёстой байх нь ээ?

-Тийм. Өвөл наргүй болчихлоо, зүгээр гэж манайхан боддог. Гэтэл үгүй шүү дээ. Өвөл цас орно. Яг нүүрний өөдөөс цав цагаан цасан дээр нарны гэрэл нүүр лүү эгц ойдог юм шүү дээ. Тэрнээс л хамгаалахгүйгээс эмэгтэйчүүдийн арьсанд маш их хэмжээний нөсөө, толбо, сэвх үүсдэг. Гэхдээ нөсөө толбо үүсэх тухайд гэвэл зуны улирал илүү их хамаатай. Тиймээс хавар, зуны улиралд нүүрний арьсаа хамгаалж байх хэрэгтэй.

-Тэгвэл яг одоо бүсгүйчүүд бидэнд нарны тос зайлшгүй хэрэгтэй байх нь ээ?

-Тийм ээ. Зайлшгүй шаардлагатай. Тодорхой хэмжээнд нарны тос түрхээд, тодорхой хэмжээнд эмэгтэйчүүд маань будалт хийх шаардлагатай.

-Ийм сайхан үнэтэй зөвлөгөөг харамгүй хуваалцсан танд их баярлалаа. Сүүлийн асуултаа танд үлдээе?

-Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд хүүхнүүд маань нүүр болоод биеийнхээ арьсыг маш сайн хамгаалж байх хэрэгтэй. Заавал нарнаас биш шүү. Бусад бүхий л төрлийн агаар, орчны бохирдол зэргээс хамгаалж, эрүүл эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж дадах нь л чухал даа. Түүнээс биш заавал их үнэтэй гоо сайхны брэнд бүтээгдэхүүн хэрэглэснээрээ хүний арьс эрүүл байдаггүй. Өөртөө тохирсон, нүүр, биеийнхээ арьсанд тохирсон эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж занших нь хамгийн зөв сонголт. 

Эх сурвалж: mongoljingoo.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top