Л.Пүрэвсүрэн Канад улсын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад ажиллаж буй Канад Улсын Гадаад хэргийн дэд сайд Даниел Жан-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Канад Улс нь манай гуравдагч хөрш төдийгүй чухал түнш болохыг онцлоод энэ жилээс хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хооронд байгуулахаар ажиллаж буй “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр” нь хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна бусад орны хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн талууд санал нэгтэй тэмдэглэв.

Мөн талууд ардчиллыг шинээр хөгжүүлж буй бүс нутгийн орнуудад дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр талын иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч, Канад Улсын Амбан захирагчийн 2013 онд Монгол Улсад хийсэн төрийн айчлалын үеэр тохиролцсоны дагуу Монгол оюутан залуучуудыг Канадын дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, уул уурхайн чиглэлээр нарийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, Канадад Монголын түүх, нүүдэлчин соёлыг харуулсан үзэсгэлэн гаргаж, Канадын олон нийтэд таниулах, ардын болон сонгодог урлагийн тоглолтуудыг хийх, Канад Улсын зохион байгуулдаг олон улсын кино фестивальд Монголын кино урлагийн салбарынхныг оролцуулах, Канадын хоккейн баг, дасгалжуулагчдыг Монголд урьж, өвлийн спортын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг тавив.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top