ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүдийг хүлээн авч уулзав

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2016.04.21/ Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирээд буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Жамсуев, А.Ворфоломеев, Төрийн Думын дарга А.Тарнавский, Н.Макаров нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Думын гишүүдэд Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ын хүрээнд зохион байгуулагдаж буй Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаад талархал илэрхийлээд, ОХУ-тай  уламжлалт, сайн хөршийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлон, хоёр орны хооронд хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ шатанд бодит агуулгаар нь баяжуулах нь чухал болохыг тэмдэглэн хэлсэн юм.

 

Мөн тэрээр манай хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд явагдаж байгаа хэмээн дүгнэж буйгаа тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй 21 гишүүний бүрэлдэхүүнтэй Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлэг идэвхтэй ажиллаж байгааг дуулгав. 2015 онд ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин Монгол Улсад хоёр ч удаа ирсэн. Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко албан ёсоор айлчилсан 2015 оны зун ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд С.Е.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон болохыг тэмдэглээд энэ бүхэн манай хоёр орны парламентын өнөөгийн харилцааны түвшинг тодорхой харуулж байгаа үзүүлэлт болохыг онцоллоо. 

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Жамсуев, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүдийг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Мөн тэрээр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын мэндчилгээг уламжиллаа. Ази Европын парламентын түншлэлийг уулзалтад ОХУ гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд Ази болон Европын орнуудын парламентын төлөөлөгчдийг ойртуулах тавцан болдогоороо чухал ач холбогдолтой уулзалт юм. 2015  оны 09 дүгээр сард ноён З.Энхболд таны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болсон гэлээ. 

Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, иргэд хоорондын харилцааны талаар болон бусад асуудлаар ярилцаж санал солилцлоо. 

 

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top