Б.Буян-Өлзий: Эдийн засгийг солонгоруулах, бизнесийн салбарын кластер хөгжлийг дэмжих нэг алхам нь Бизнесийн парк юм

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Мэдээллийн Технологийн Шинжлэх Ухааны Паркийн зүгээс Өмнөговь аймгийн бизнес эрхлэгч хувь хүмүүс болон компаниудын хамтран үүсгэн байгуулж буй “Өмнөговийн Бүтээн Байгуулалтын Корпораци ХК”-ний дэргэд Бизнесийн паркийг нээж ажиллуулахаар боллоо. Ингэснээр бизнес инкубаторын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, орон нутгийн бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах бодит боломж бүрдэж байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн болон хууль эрхзүйн орчны мэдлэгийг дээшлүүлэх, гарааны бизнесийг дэмжих эко орчныг бүрдүүлэх, мөн жижиг бизнесүүдэд инноваци хөгжүүлэлт хийх, зах зээлийн эрэлтэд тулгуурлан бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд Бизнесийн паркийн зорилго оршино. Мөн бизнес эрхлэгчдийн технологийн нууцлалыг оюуны өмчтэй холбоотой  хууль эрх зүйн тогтоомжийн дагуу бүртгэж, хамгаалж, эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн бусад салбарт технологи дамжуулалтыг үр ашигтайгаар нэвтрүүлэх нь Бизнесийн паркийн бас нэг чухал ач холбогдол юм.

Бизнес эрхлэгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж буй “Өмнөговийн Бүтээн Байгуулалтын Корпораци ХК” буюу зах зээлд байгаа жижиг компаниуд хүчээ нэгтгэснээр хямралыг амжилттай давах гарц болох юм. Цаашлаад эдийн засгийн сэргэлтийн үед нөөц бололцоо, хүчин чадлаа нэгтгэснээр орон нутгийн болон улс орны хэмжээний томоохон төслүүдийг Бизнесийн парктай хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой. Мөн орон нутагт өрсөлдөхүйц цалинтай ажлын байр, ажиллах орчинг бий болгосноор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн хөгжлийг дэмжихэд томоохон түлхэц болно.

Нөгөө талаараа жижиг дунд бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчдийг дэмжих, дотоодын зах зээлд төдийгүй улсаа төлөөлөн дэлхийд өрсөлдөх орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэн ажиллахад Өмнөговийн “Бүтээн Байгуулалтын Корпораци” ХК болон Бизнесийн парк чухал нөлөө үзүүлэх юм. Өмнөговь аймагт үйлдвэрлэж буй Ингэний ундаа нь чихрийн шижин өвчнийг эмчлэх чадалтай гэдгийг дэлхийд таниулах шаардлагатай байгаа нь үүний нэг жишээ билээ

Бизнесийн паркийн инкубаторт эхний ээлжинд корпорацийн гишүүн 55 компани элсэн орж үйлчилгээ авах бөгөөд цаашид бусад аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Монгол улсын засгийн газрын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэх ажлын хүрээнд бизнесийн салбаруудын кластер хөгжлийг дэмжин, эдийн засгийн бусад нөөц бололцоог олж илрүүлэх, сурталчлах, бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийн боломжийг бүрдүүлэх ажлын бодит биелэлт нь Өмнөговийн “Бүтээн Байгуулалтын Корпораци” ХК, Бизнесийн паркууд болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top