Тоормосны шингэний талаар заавал мэдэх ёстой зүйл

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Автомашины тоормос нь машины аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд тоормосны шингэн нь энэхүү системийн салшгүй хэсэг юм. Тэгвэл та хэзээ хамгийн сүүлд өөрийн машины тоормосны шингэнийг солиулсан бэ?

Энэхүү байнгын ачаалалтай байдаг гидралик шингэн нь жолоочийн хөл болон наклад хоёрыг холбох ажлаа маш сайн гүйцэтгэж чаддаг шингэн юм. Ерөнхийдөө хот дотор унадаг автомашинуудын хувьд тоормосны шингэний ашиглах хугацаа 2-3 жил байдаг. Гэхдээ жил ирэх тусам тоормосны шингэн өөрийн шинж чанараа алдаж байдаг байна. Хамгийн түрүүнд олон удаагийн огцом зогсолтын үед үүсэх хэт халалтаас шалтгаалж тоормосны шингэний химийн найрлага нь аажмаар өөрчлөгддөг. Яг л автомашины дугуйны адилаар тоормосны шингэн ч мөн олон янзын халуун хүйтэнд өртөж байдаг. Мөн энэхүү шингэн нь чийгшдэг шинжтэй буюу өөртөө агаарын чийгшлийг шингээж байдаг. Харин энэхүү авсан чийгшил нь шингэний буцлах температурыг бууруулах ба ингэснээр шингэн хэт халмагц тодорхой хэмжээний хийг ялгаруулж эхэлдэг. Тоормосны системд ийнхүү хий үүсэх нь тоормосны ажиллагааг муутгаж, автомашиныг зогсоох чадвар нь үгүй болно гэсэн үг юм.

2010-nissan-370z-coupe-brake-fluid-reservoir-photo-347908-s-1280x782 (1)

Тоормосны шингэний хэрэглээний хугацаа нь жолооч таны ямар автомашин жолоодож байгаа, хэрхэн жолоодож байгаа мөн хаана жолоодож байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Хэрэв маш хүчтэй хөдөлгүүр бүхий Мерседес Бенз C63 AMG-р зуны хэт халуун чийгтэй нөхцөлд шулуун замд явж байгаа бол тоормосны шингэн бараг нэг өдрийн дотор ширгэж алга болж ч болно. Харин хөнгөхөн жижиг машинаар сэрүүн хуурай нөхцөлд явдаг бол шингэний чанар хамаагүй урт хугацаанд хадгалагддаг байна. Манай орны цаг уурын нөхцөл эрс тэс учраас зуны халуунд тоормосны шингэнээ ерөнхийд нь анхаарч байх шаардлагатай байдаг. Хэрэв тоормосны шингэнийг хэт халуунд халааж буцалгасан тохиолдолд шингэнийг зайлшгүй шалгаж байх шаардлагатай. Энэ үед шингэн банканд цэвэрхэн мэт харагдавч хэт халалтаас үүдэлтэй хий тоормосны системд хурсан байж болзошгүй байдаг.

Тоормосны шингэнийг сонгохдоо ямар автомашинд хийх болон ямар нөхцөлд машиныг жолоодохоос хамаарч сонгох хэрэгтэй. Стандарт ДОТ3 болон ДОТ4 нь ерөнхийдөө ихэнх автомашины шаардлагыг хангадаг бол хурдалдаг, уралдааны автомашинуудад буцлах температур өндөртэй ATE Typ200 эсвэл Castrol React SRF Racing зэрэг тусгай шингэнүүд хэрэглэдэг. ДОТ5 шингэний хувьд буцлах температур өндөртэй боловч мэргэжилтнүүд автомашинуудад санал болгодоггүй мөн ялгаатай ангиллын шингэнийг хооронд холихгүй байхыг зөвлөдөг.

Сайн тоормосны шингэн авлаа гээд энэ нь таны тоормосны системийг Brembo шиг болгож чадахгүй ч баталгаатай тоормосны шингэнтэй байна гэдэг нь таны машиныг, цаашлаад таны амь насыг аюул хамгаална гэсэн үг юм. Иймээс тоормосны шингэнээ тогтмол шалгаж байхыг жолооч танд зөвлөж байна.

Тоормосны шингэнийг худалдаж авах мөн хадгалахдаа савны лац бөглөөг нь сайтар шалгаж байгаарай учир нь задгай орчинд байсан шингэн агаарын чийгшлийг өөртөө шингээж байдаг. Иймээс гарааштаа онгорхой хадгалсан шингэнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

medleg145-2Тоормосны шингэнийг солихдоо эхлээд банканд дахь бүх шингэнийг соруулж аваад шинэ шингэнээ хийх бөгөөд үүний дараагаар тоормосны аппаратлуу шинэ шингэнээр хөөлгөж гаргадаг. Ингэхдээ хамгийн хол байгаагаас хэсгээс нь эхэлж шингэнийг хөөлгөнө. Шингэнийг солих үедээ тоормосны системд хий оруулахгүй байх ёстой ба мэргэжлийн механик инженерээр солиулахыг танд зөвлөж байна. Шингэнээ солиулах үедээ бусад тоормосны эд ангиудаа мөн шалгуулснаар мөн та хожим учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлж чадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top