Давс танд зургаан төрлийн өвчин “бэлэглэдэг”!

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

“Зогс... Хар... Давс багатайг нь сонго”.

Энэ бол ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран эхлүүлж буй давсны хэрэглээг бууруулах дэлхийн өдрийн уриа юм.

Тодруулбал, дэлхий нийт өчигдрөөс эхлэн яг ийм уриатайгаар давсны хэрэглээг бууруулах долоо хоногийг эхлүүлж байгаа бөгөөд монголчууд ч бас нэгдэж буй аж.

Манай улсын хувьд энэ өдрийг 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулдаг ажээ.

Энэ ч утгаараа дээрх өдрүүдэд давсны хэрэглээг бууруулах ач холбогдлын талаар олон нийтэд мэдээлэх, мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн.

Тэдний мэдээлснээр дэлхийн нийт хүн амын нас баралтын 60 гаруй хувийг цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг өвчин эзэлдэг аж. Иймээс ДЭМБ-аас давсны хэрэглээг багасгах нь халдварт бус өвчнийг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэж үзсэн гэнэ.

Тодруулж хэлбэл, ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тухай мэдээлсэн.

Тэгвэл монгол хүний давсны хоногийн хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин их буюу 11,1 гр, зарим аймагт гурав дахин их буюу 15,6 гр байгаа бөгөөд нийт хүн амын 83,2 хувь нь таван граммаас их давс хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ.

Иргэдийн давсны хэрэглээг бууруулах үүднээс "Талх чихэр” компани 2012 оноос эхлэн “Атар”, “Ургац”, “Мишээл”, “Та Чи” зэрэг арав гаруй бүтээгдэхүүнийхээ давсыг багасгасан аж.

Тус компанийхан давсыг бууруулснаар амт чанар болон борлуулалтад ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй бөгөөд хэрэглэгчийн эрүүл мэндэд тустай гэдгийг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад уриалсан юм.

Давсны хэрэглээний талаар ЭМЯ-ны Нийгэм, Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн Д.Байгальмаагаас тодруулсан юм.

Д.Байгальмаа: Лимон, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүүгээр давсыг орлуулж болно

-Монгол хүний давсны нэг хоногийн хэрэглээ ямар байдаг юм бол?

-Монгол Улс цусны даралтаараа Азийн 35 орны хэмжээнд нэгдүгээрт орж байгаа. Энэ нь гурван хүн тутмын нэг нь цусны даралттай гэсэн үг. Иргэд даралт ихэслээ гээд эм уугаад яваад байдаг. Гэтэл тэрнийхээ оронд өдөр тутам хэрэглэдэг давсны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй. Энэ нь хамгийн үр дүнтэй, хамгийн хямд арга юм.

-Давс их хэрэглэснээр ямар хор нөлөөтэй вэ?

-Хоолны давсыг хэтрүүлэн хэрэглэснээр артерийн судасны даралт, зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар, ясны сийрэгжилт болон бөөр чулуужих зэрэг халдварт бус өвчний эх үүсвэр нь болдог.

-Давсны хэрэглээг бууруулахын тулд иргэд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Эмэгтэйчүүд гэрийн эзэгтэй нар хоолондоо хийдэг давсны хэмжээг багасгах хэрэгтэй. Амт муутай байна гэсэн асуудлаас болж хүмүүс эрүүл мэнддээ ямар их хохирол учруулж байгаагаа анзаардаггүй. Мөн сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайны давсыг багасгах нь чухал. Ингэснээр хүүхэд багаасаа давс бага хэрэглэж сурна.

Бараа бүтээгдэхүүн дэлгүүрээс авахдаа орц, найрлагыг нь хараад давс багатайг нь сонгох буюу эсвэл давс орлуулагч олон амтлагчийг хэрэглэж болно шүү дээ.

-Давс орлуулагч бүтээгдэхүүнийг нэрлэвэл?

-Тухайлбал, лимон, цагаан гаа, яншуй, сонгино, сармис, чинжүү зэрэг ургамлаар давсыг орлуулж болдог. Тэгэхээр иргэд хамгийн наад захын хэрэглээ болсон сонгино сармисыг хэрэглэж масло, майонезаас зайлсхийх хэрэгтэй. Давс орлуулагчийг хэрэглэснээр давсны хэрэглээг 30 хувь, үнэр орлуулагчийн тусламжтайгаар 20 хувь бууруулах боломжтой.

Сонирхуулахад

Цусны даралт ихсэх

Хэвийн даралттай хүмүүстэй харьцуулахад даралт ихтэй хүмүүс гурав дахин их давс хэрэглэдэг болохыг судлаачид нотолжээ.

Тархинд цус харвах

Давс их хэрэглэснээр судсаар урсах цусны хэмжээ ихсэн, судасны хананд учруулан цусны даралт ихэсдэг. Энэ нь яваандаа артерийн судасны ханыг хатууруулж, уян хатан чанарыг алдагдуулдаг ба тархинд цус харвах шалтгаан болно.

Ясны сийрэгжилт

Давс хэтрүүлэн хэрэглэх нь шээсээр кальци гадагшлах үйл явцыг түргэсгэснээр ясны сийрэгжилт үүсэх шалтгаан болдог.

Зүрхний шигдээс, зүрхний дутагдал

Хоолны давсыг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээс судасны хана зузаарч артерийн даралт ихсэж, улмаар зүрхний дутагдалд хүргэдэг байна.

Ходоодны хавдар

Утсан, давсалсан, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүнүүд давс ихээр агуулдаг тул тогтмол хэрэглэх нь ходоодны хавдар үүсэх

Бөөр чулуужих өвчин

Бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус эрдэсийн солилцооны алдаг-дал болж улмаар бөөр чулуужих өвчин үүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top