Хөдөлмөр шингэсэн тарианы талх хамгийн амттай

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

 Тариа тарихын тулд төрөөс мөнгө нэхэгсэд одоо төр өгнө гэсэн мөнгөө банкнаас бэлэн мөнгө болгож гаргуулж өг гэж нэхэж байгаа сурагтай. Хэрэв мөнгө өгөхгүй бол тариа тарихгүй, ард түмнийг талхны гурилгүй болгоно гэж айлын эрх хүүхэд шиг яамны сайдаа айлгав. Олны танил тариалан эрхэлдэг эрхмүүд нэгдээд ХХААЯ-ны байрыг тойрон гороолов.

Тариаланчдын өмнөөс Засгийн газарт анжис чирэх шахам яваа ХХАА-н сайд нь гороологчидыг хүлээн авч уулзахдаа “Та бүхэн намайг Засгийн газрын хуралтай байхад яаман дээр ирсэн байна лээ. Манай төрийн нарийн бичгийн дарга болон бусад хүмүүс та бүхнийг хүлээн авч уулзсан гэсэн. Та бүхэнд төрөөс тариаланчдыг хэрхэн дэмжиж байгаа талаар мэдээлэл өгье” хэмээн аргадав. Ийнхүү Л.Цандэлэг тэргүүтэй эрхмүүдэд мэдээлэл өгсний дараа “Та бүхэн надад хандаж шаардах бичиг өгнө гэсэн мэдээлэл байна. Тэр бичгээ өгнө үү” гэхэд тариаланчдад ноороглосон цаас ч байсангүй. Магадгүй тэд эрхэм сайдыг хүлээж авахгүй байх хэмээн тооцоолсон биз.

Энэ үеэр Л.Цандэлэг гар утсаараа бичлэг хийж, “Камертон” хамтлагийн Эба хэмээх тариаланч эр босч үг хэлэв. УИХ-ын гишүүн Р.Бурмааг Хүнс, Хөдөө аж ахуйн сайд болсны дараа Л.Цандэлэг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаа надад өгнө үү, би хариуцаад авч явъя гэж орж байсан гэдэг. Төрийн ажил гэдэг санасан бүхэнд үүдээ нээгээд байдаггүй дүрэм журамтай тул зөвшөөрөх боломжгүй гэдгээ ч тухайн үед салбар хариуцсан сайд нь хэлж байж. Ийнхүү албан тушаалын горьдлого талаар болсонд дургүйцсэн “тариаланч” эр бэлэн мөнгө нэхэх аянд морджээ.

Ямартай ч тариаланчдын тэмцэл талаар өнгөрсөнгүй төрөөс тариаланчдад арилжааны гурван банкаар болон “Монгол тариалан корпораци” төрийн өмчит улсын үйлдвэрийн газраар дамжуулан зээл олгох шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр арилжааны банкнаас зээл хөөцөлдөж өг хэмээн яамны сайдаа “дарамталж” байгаа аж. Олон арван мянган тариаланч, малчдын эрх ашгийг төрд төлөөлдөг ХХАА-н сайд Р.Бурмаа улс төрд тариа ургуулах хүсэлтэй хэдхэн хүнд хандаж “Би арилжааны банкинд нөлөөлөх эрх мэдэл байхгүй. Би та бүхний өмнө тулгарч буй асуудлыг шийдэхийн төлөө төрд ажилладаг” гэдгээ ч хэлээд авсан юм. Яамны сайдын өмнө хэлэх үггүй, өргөх бичиггүй гарч ирээд гадаа нь хэвлэлийнхэнд төр биднийг дэмжихгүй байна, Р.Бурмаа сайд ажлаа хийхгүй байна, гэх хүмүүсийг жудагтай, шударга үнэний дуу хоолой гэхэд ичмээр л харагдаж байна лээ.

Үнэхээр тариа тариад ашиг олье, олон түмэндээ буянтай юм хийе гэсэн хүн бусдыг хийхийн үйлсэд уриална уу гэхээс булаахын шуналд дагуулахгүй байлтай. Өдгөө тариаланчид тариагаа тарих гээд хаврын хавсарганд нүдүүлж, байгаа хэдэн техникээ тордож, газар усаа тордоод завгүй яваа. Юун тариалан эрхлэлтийг дэмжих сан, Р.Бурмаатай заргалдаж явах. Тариаг мөнгөөр биш сэтгэл зүрх, хөдөлмөр хөлсөөр ургуулдаг гэдгийг Л.Цандэлэг хийгээд түүнийг хөхүүлэн дэмжигчдэд хандаж хэлье. Хөдөлмөр, хөлс шингэсэн тарианы талх хамгийн амттай нь байдаг гэсэн орос ардын мэргэн сайхан үг бий. Энэ үгийг мянга хэллээ ч тосч аваад ухаарах хүн тэнд хэд байсныг мэдэхгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тариаланч(202.9.40.125) 2016 оны 04 сарын 27

Болдогүй бүтдэггүй юмаа тариаланч нартайгаа хамт ярилцаж болохгүй юм уу тэд нар уулзах гээд л хурлын зааланд хүлээж суулт хийж байна л гэсэн сайд нь байж ажил хэрэгч хамтач баймаар юм хүнд чинь хүн чанар, бардам нүүр гэж байдаг танд тийм юм дутагдаад байна аймхай хулчгар намын гишүүн улс төрийн тоглогч энэ ажлыг хийж чадахгүй шүү айдагүй юм бол ажил хэрэгчээр уулзаж бай л даа.

0  |  0
Top