Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

УИХ-ын сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн энэ цаг үед улс төрийн амьдрал буцлах төлөвтөө орж байна.  Улс төрчид нь  биенээ хардаж,  тэр ч бүү хэл хорьж цагдуулахын хүсэлд ил тодоор автан яваа.

Ер нь бол 2016 оны УИХ-ын сонгуулиас суудал горьлох горьдлого өвөртлөөд  хэнтэй л бол хэнтэй, юутай л бал юутай “нөхцөх”-д бэлэн нөхөд  хаа сайгүй хэрэн хэсэж байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн бие даагч гишүүд болох  Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хуучин намдаа элсэж, МАН-ын хаяаг түшсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ыг сонгоод буй.  Мөн эмэгтэй гишүүдээс Г.Уянга Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга болон МҮАН-аасаа татгалзсан. Ийнхүү С.Ганбаатар,  Г.Уянга гишүүд өмнө нь улс төрд суудал авч байгаагүй шинэ  намуудыг сонгов. 

Харин Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар гоморхож орхисон намдаа эргэж орсон.

Ийнхүү ихэнх гишүүд нам сонгож байхад зарим нэг нь намаа орхиж, бие даахыг илүүд үзэж буй бололтой.

Тухайлбал, уржигдар  Ш.Сайхансамбуу намаасаа гарах өргөдөл өгсөн гэх мэдээлэл байгаа бол өчигдөр УИХ-ын гишүүн Л.Цог мөн л намаасаа гарах өргөдөл өгсөн.

"Нарантуул"-ын боссод МАН-ынхан түүнд сонгуулийн тойрог өгөхгүй байгаагаас үүдэж, намаасаа татгалзсан гэх сураг байгаа.

Л.Цогийн хувьд  өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Уянгын хамтаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарсан. Ингэж намаасаа татгалзсан Л.Цог УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдаж буй Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд элсэж магадгүй гэсэн таамаг бий. Тэрбээр тус намын анхны их хурал дээр очиж, шинэ улс төрийн хүчнийг дэмжихээ илэрхийлсэн билээ. Л.Цог намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин муудаж, МАХН-ынхан түүнийг “хөгийн авлигач, урвагч” хэмээн нэрлээд байсан юм.

Мөн намынхаа ҮЗХ-ны хуралд оролцоогүй УИХ-ын гишүүн, МоАХ-ын дарга Х.Баттулга АН-аас гарна, МоАХ-г нам болгох тухай мэдээлэл ч гарч байгаа юм.

Ийнхүү парламентад суудалтай гишүүд сонгууль угтсан сонголтуудаа шинэчилсээр байна. Сонгууль дуустал өшөө ч олоныг үзэх төлөвтэй.

Уг нь "Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог" гэх айхтар үг бий. Ашиг хонжоо, эрх мэдэлд шунагч намуудын туйлбаргүй бодлого шийдвэр, халаа сэлгээ, нүүдэл суудлаас үүдэн Монголын ард түмэн хангалттай зовлон амсаж байгаа. Төрийн эрх мэдэлтнүүд маань даруй улс төрчийн ёс зүйгээ ухаарч эрхэмлэхгүй бол ард түмнээ цаашид гучин жил зовох нь тодорхой байна.   

 А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямдорж(203.91.115.36) 2016 оны 04 сарын 27

Уодоо бочихийч та нар. Ха ха

0  |  0
л(202.179.18.61) 2016 оны 04 сарын 27

даваасүрэн болорчулуун хоёроос бусад нь арай биш юмаа

0  |  0
Top