Уураа хэрхэн дарах вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

Уур бол хүний хамгийн том дайсан гэж би боддог. Уурласан үед хүн үргэлж муу зүйлийг хэлж, хийж, бусдыг гомдоож, өөрийгөө хороож байдаг. Уурлахгүй байя гэж хичээвч чадахгүй, тэвчивч сэтгэл бачуурч улам хүнд болдог. Ямарваа зүйл хүнийг сэтгэлд нийцэхгүй болоод ирэхээр хүн уурлаж эхэлдэг аж. Өөрийн сэтгэлдээ бүгдийг нийцүүлнэ гэвэл энэ нас хүрэлцэхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч боломжгүй гэсэн үг. Үүнийг зүйрлэхдээ “дэлхийг өөрийн хөлийн уландаа зориулж үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр үхрийн арьс хаанаас олдох билээ, олдсон ч түүнийг бүрэхэд энэ нас хүрэлцэхгүй. Харин өөрийн улаа л ширэлчихвэл дэлхийг ширэлсэнтэй ялгаа юу байхав” хэмээсэн байна. Тиймээс бид сэтгэлээ засаж чадвал гадны хичнээн мянган дургүй хүргэсэн зүйлд уурлахгүй байж чадна. 

Та өөрийгөө анзаараад үзээрэй. Ихэнх бурууг бусдад өгч, өөрөө огтхон ч буруугүй, эсвэл буруутай л даа, гэхдээ шалтгаан болохоор сүртэй зүйл биш гэж өөрийгөө зөвтгөдөг үү? “Дарга минь хүний хөдөлмөр ойлгодог болоосой”, “Нөхөр минь ажил анхиатай байсан ч болоосой” гэх мэт сөрөг талаас нь бүү бод. Яг үнэндээ бид сэтгэлийн гэмээр бусдыг буруугаар хардаг. Тиймээс аливаа алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. 
Мөн уурыг дарахдаа ийнхүү бод.

    Хэн нэгэн хүн надад ямар нэгэн хорлол үзүүллээ гэхэд урд насандаа би муу үйл тэр хүнд хийсэн байна түүний үйл лайгаар надад эргээд хорлол үзүүлж байна аа. Тиймээс миний энэ хүнд хийсэн урдны муу үйл үүгээр барагдах болтугай гэж бодох хэрэгтэй. Харин эсрэгээрэ дайраад өрсөөд явчихвал урд насны хийсэн муу үйл чинь барагдах байтугай харин ч дээр нь нэмээд тэр үйлээ үржүүлээд хүч оруулаад явчихаж байгаа бөгөөд аливаа хийсэн буян ч мөн ч бас давхар хорогдох юм.

     Дотны таньдаг хэн нэг чинь галзуурчихлаа гэж бодоход хичнээн өөрт эвгүй харьцаж муухай аашилсан ч угийн ийм биш галзуугийн эрхээр л ингэж аашилж байгаа юм, эдгэхээрээ зүгээр болчихно гэж бодно шүү дээ. Үүнтэй нэгэн адил бусад хүн хичнээн муухай аашилсан ч гэсэн энэ өөрийн эрхээр бус уурын мунхагаар өвчилсөн тул түүний эрхээр л ингэж байгаа юм гэж бодох хэрэгтэй.

    Аливаа зүйлд арга байхгүй бол түүнд уурлаж харамсаж, гашуудах хэрэг юу билээ.  Энэ мэт олон учир шалтгааны амьдрал дээр хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгөх бөгөөд сүүлдээ бүүр дадаад ирэхэд таны уур аяндаа байхгүй болох юм.

    Өдөр болгон тохиолдох жижиг сажиг зүйлд бүү уурла. Жишээ н дүү чинь ч юм уу хэн нэг нь аяга санамсаргүйгээр хагаллаа гэж бодоход түүнд уурлах хэрэггүй юм. Учир нь миний сэтгэлийн амар амгалан бол тэр аягатай харьцуулшгүй илүү үнэтэй чухал зүйл хэмээн бод. 
    Бас нэгэн зүйл хэлэхэд хүн уурлаж байхдаа дотоод сэтгэлээ анхаарах сөхөө байдаггүй ажээ. Тиймээс та нэг ч удаа сэтгэлийн гүн рүүгээ яг уурлаж байх үедээ уудлаад нэг үзээрэй. Ямар үйл ажиллагаа, яаж явагдаж байна гэдгийг танин мэдэж, дээр хэлсэн олон шалтгаануудыг тухайн агшинд хавсарган бодож үзэх хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэхэд таны өнгөн талд байгаа өдөр болгон уурлаж ширвээд, сэтгэлийн тань тав тухыг алдагдуулдаг байдал алга болох болно. Харин дотоод сэтгэлийн гүн дэхь уурыг арилгахын тулд бясалгал хийх хэрэгтэй. Уурлахгүй байна гэдэг ньюу ч хэлэхгүй ярихгүй, юу ч болж байсан тоохгүй байхын нэр биш. Үнэхээр буруу зүйл нүдэн дээр хийгээд байвал зөвөөр хэлэх хэрэгтэй. 
    Ер нь уур гэдэг чинь бусдад муу санасны үндсэн дээр бачимдаж сэтгэл нь таагүйтэхийн нэр юм. Тиймээс нөгөө хүний тусын тухайтад доторх амгалан байдлаа алдагдуулахгүйгээр хэлэх хэрэгтэй ба бүүр болохгүй бол догшин дүр гарган загнасан ч болох юм. Яг л очирваань Бурхан шиг. Очирваань бурхан бол гаднаа догшин дүртэй боловч дотороон амгалан оршдог бөгөөд хамаг амьтаны тусын тулд л гэсэн сэтгэлтэй байдаг. Энэ бол харин уур биш бөгөөд хүмүүс гаднаас нь хараад ууртай догшин амьтан мэтээр хардаг л байх. 
Эх нь хүүхэддээ муу санаж бус хүүгийнхээ ирээдүйн сайн сайхны тухайд л загнаж зоддог шүү дээ. Дотоод амгалан байдал алдагдаж байна гэдэг чинь таны дотор би гэх үзэл чинь ажиллаад түүндээ та өөрөө хорлогдоод нөгөө хүндээ ч хорлол үзүүлж байгаа хэрэг юм. Эдгээр аргуудыг 1 сарын турш хичээнгүйлэн хийгээд үзээрэй. Үр дүнг нь мэдрэх болно. 
Г.Сувд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top