Ц.Жавхлан: Кизомба бүжиг эрчүүдийн удирдан залах чадварыг хөгжүүлдэг

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

Кизомба хэмээх уянгалаг бүжиг сүүлийн жилүүдэд дэлхийн нийтэд  хурдтай дэлгэрч байгаа.  Манай улсад 2014 оноос орж ирсэн тус бүжгийн онцлог болоод хүний биеийн гоо сайханд үзүүлэх гайхалтай нөлөөлөлийн тухай “Кизомба Пэйшн” клубын багш Ц.Жавхлантай  ярилцлаа. Тэрээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн кизомба бүжигт дурлаж, басхүү монголынхоо залууст таниулан сургах ажлыг чадмаг гүйцэтгэж яваа юм. 

- Ярилцах урилага хүлээж авсанд баярлалаа. Хоёулаа кизомба бүжгийн тухай танилцуулаад яриагаа эхлэе.   

Кизомба бүжиг нь нийтийн бүжгийн төрөл гэж явдаг бөгөөд уг бүлэгт хамаарагдах бусад бүжигүүдээс отгон нь гэж хэлж болно. Залуус маань Латин бүжиг хэмээн их андуурдаг ч Африкийн баруун доод хэсэгт байрлах Ангол улсаас гаралтай юм. Хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад бидний багад мода болж байсан семба бүжиг хувьсан өөрчлөгдөж кизомба болсон түүхтэй.

-2014 оноос хойш монголын залууст кизомба бүжгийг таниулах, сургах ажлыг гүйцэтгэж яваа хүний тань хувьд асууя. Кизомба бүжигт хүмүүс тэр дундаа залуус яагаад дурлах ёстой вэ?

Кизомба бүжиг дэлхий нийтийг өөртөө дурлуулж буй нэг чухал сэдэл нь хөгжим.  Маш уянгалаг зөөлөн, намуухан хэмнэл нь сонссон хэн бүхэнд таалагддаг. Миний хувьд ажил дээрээ заримдаа стрессдэх үе гарахад чихэвчээ 2 чихэндээ хийгээд кизомба аяа сонсоход бясалгал хийсэн мэт тайвшраал л явчихна. 

Кизомба бүжиг надад маш даруухан, эрэгтэйлэг бүжиг санагддаг. Өгзөг таазаа хөдөлгөөд байх шаардлагагүй голчлон эмэгтэйгээ залж чиглүүлэхэд ач холбодол өгдөг. Амьдрал дээр эрэгтэй хүн гэр бүлээ авч явдаг шиг, кизомба бүжгэн дээр ч гэсэн та эмэгтэйгээ удирдаг авч явах шаардлагатай болдог. Харин эмэгтэй хүмүүс нь эрхэмсэг уян налархай хөдөлгөөнөөрөө эрэгтэйгээ чимж өгдөг.

-Зарим хүмүүс энэхүү бүжгийг харахад эмэгтэйчүүд нь л уян налархай хөдлөөд л, эрчүүд нь оролцоо муутай зогсоод л байдаг мэт ярьдаг. Энэ мэдээж буруу байх л даа?


Кизомбаг анх харахад яг л ингэж харагддаг. Эрчүүдийн үүрэг бол эмэгтэйчүүдээ гоё удирдан дагуулж түүнээсээ өөрт оногдох мэдрэмж таашаалаа авах болохоос биш эмэгтэйчүүдтэйгээ барьцаад өгзөг таазаа хөдөлгөөд уян налархай хөдлөх биш шүүдээ /инээв/.

Бид кино үзчихээд ямар гоё кино болоо вэ гэж боддог болохоос биш, ямар гоё найруулаа вэ, зураг авалтаа ямар гоё хийгээ вэ гэж тэр болгон боддоггүй. Эрчүүд маань яг л ийм, дэлгэцний ард кизомба бүжгийг амьлуулж байгаа найруулагчид маань шүүдээ.

-Та кизомба бүжгийг өөрийн хобби гэлээ. Та ер нь ямар мэргэжилтэй вэ?

Их сургуулиа математикч мэргэжлээр төгссөн, гэхдээ яг мэргэжлээрээ ажиллаагүй банкинд орсон хүн. Одоогийн байдлаар Хас банкинд 5 дахь жилдээ ажиллаж байна. Би чинь ер нь бүжигтэй огт хамааралгүй хүн.  Амьдралдаа бүжиглэж байгаагүй, бүжиглэе гэж бодож ч байгаагүй /инээв/. Манай найзууд гэлтгүй би ч гэсэн өөрийгөө ингээд бүжигт дуртай болно гэж зүүдэлж ч явсангүй. Гэнэт л кизомба бүжигт дуртай болчихсон, нэг харсан хүмүүст заагаад явж байдаг /инээв/.

-Сонин түүх байна, би ч таныг багаасаа л бүжигт дуртай байсан байх л гэж бодож байлаа. Хэрхэн уг бүжгийг сурав? Огт бүжиглэж үзээгүй хүн одоо ингээд сурчихсан байна гэхээр би ч гэсэн сурмаар санагдчихлаа /инээв/.

Бололгүй яах вэ. Энэ чинь нийтийн бүжиг, мэргэжлийн байх албагүй та бид нар шиг эгэл жирийн сонирхосон хэн бүхэн суралцах боломжтой. Хамгийн гол нь зориг гаргаад ирэх л хэрэгтэй.

Миний сурсан түүх гэвэл анх 2013 оны 12 сард УБ Салса клубын кизомба бүжгийн сургалтанд зориг гарган явж Баярмаа болон Энхжаргал багш нараараа кизомбагийн А үсгээ заалгаж байлаа. Үүнээс хойш YouTube багшаар овоглон нилээдгүй зүйл нэмж сурсан. Мөн олон улсын фестивалиудад оролцон өөрийн шүтээн болсон дэлхийн шилдэг багш нараас номын дуу сонсож YouTube-с олж аваагүй олон заавар зөвлөмж туршлагыг олж авсан.

Энэ олж авсан туршлагаа бусдад хуваалцая, энэ сайхан бүжгийг цаашид олон хүмүүс сурч мэдээсэй гэсэндээ кизомба бүжгийн сургалт явуулж эхэлсэн.

-Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс асуулгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Кизомба бүжиг хүний эрүүл мэнд, гоо сайханд ямар ач тустай вэ?

Бүжиг гэдэг чинь өөрөө хөдөлгөөн шүү дээ. Бид нар шиг өнөө цагт өдөржин суугаа ажил хийж байгаа хүмүүс байнга нь хөдөлгөөн дутагдаж байдаг. Харин кизомба бол энэ хөдөлгөөний дутагдалаас маш эрүүлээр, хөгжилтэй ангижрах нэг арга зам. Мөн та стресс гэдэг зүйлсийг мартах болно. Эрэгтэй хүн өөрийнхөө хөдөлгөөнийг бодно, аяндаа тааруулж бүжиглэнэ, мөн эмэгтэйгээ үүнийхээ дагуу зөв удирдана гээд олон зүйлийг бодож байхдаа өөр зүйлийн тухайн бодож амждаг гэж бодож байна уу. Та бүх зүйлээ умартаад зөвхөн бүжгийнхээ уянгалаг намуухан хэмнэлд ховсдуулах болно. Стресст багтаж шингэх зай үлдэхгүй гэсэн үг.

Мөн архигүй орчин. Залуус маань бүжиглэх гэж ирдэг болохоос тэнд арихдан согтуурах гэж ирдэггүй. Үргэлж л инээд хөөрөөр дүүрэн бүжиглэсээр байгаад нэг үдшийг өнгөрөөдөг. Ийм л эерэг энергээр дүүрэн нөхөрсөг дулаан орчин байдаг учраас олон олон залуусыг байлдан дагуулсан чөлөөт цагаа өнрөгөөх нэгэн орчин болж өргөжин тэлсээр байна.

-Тус бүжгийг сурахын тулд хэр хугацаа шаардагдах бол?


Суралцахын хувьд хүмүүс харилцан адилгүй. Монголын залуус маань маш ичимхий байдаг. Арга ч үгүй биз, ямар бүжиг гэж төсөөлж ч явсан биш ихэнх нь. Би эв хавгүй, модон, хүмүүст эвгүй харагдана гээд хойш суух нь дамжиггүй. Гэхдээ танийг тэнд эв хавгүй байна гэж хэн гоочилж дооглохгүй, бүгд л таныг дэмжиж зааж өгөх болно. Учир нь бид бүгд нь яг нэгэн адил цэгээс ичиж биеэ бариад л эхэлж байсан. Харин ичих шаардлагагүй юм байна, сурч байгаад бүжиглэх биш бүжиглэж байгаад сурах юм байна гэдгийг ойлгосон цагт та маш хурдан сурах болно.

-Та портнёроо танилцуулаач, цуг бүжиглээд хэр удаж байгаа вэ?

Миний партнёрийг Цацрал гэдэг, эрх зүйч мэргэжилтэй хүн. Над шиг л бүжиг сонирхогч. Клубээ үүсгэн байгуулсанаас хойш үргэлж хамтдаа энэ бүжгийг олон хүнд зааж түгээхээр зорьж яваа хүн бий.

-Та олон улсын фестивальд оролцож байсан гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач.


Нийтийн бүжгийн фестиваль гэхээрээ ер нь дэлхийн шилдэг багш нар ирж өглөө нь хичээл заагаад орой нь бусад оролцогчидтойгоо хамтран бүжиглэж янз бүрийн хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулдаг хэдэн өдрийн арга хэмжээ байдаг юм. 2016 оны 1 сард Орос улсын Красноярск хотод болсон фестивальд Монголоос бүжиг сонирхогч 10 гаруй залуус цуг явцгааж сайхан дурсамжийг бүтээгээд ирсэн. Уг фестивалийн үеэр Оросын бусад хотуудаас ирсэн багш нар болон сонирхогчдын дунд зохион байгуулсан Кизомба бүжгийн тэмцээнд нь оролцож үзсэн, эрэгтэй эмэгтэй тус тусын төрөл бид 2 түрүүлсэндээ маш их баяртай байдаг.

-Кизомбаг бүжиглэхэд насны хязгаар гэж байх уу?

Одоогийн байдлаар ихэвчлэн 20-40 насны залуус маань сонирхон бүжиглэж байгаа хэдий ч 40-45 насны хүмүүс ч гэсэн нилээдгүй сонирхон бүжиглэж байгаа. Эхнэр нөхөр, үерхэж байгаа хосууд, ээж охин гээд янз бүрийн л хүмүүс сургалтанд маань суудаг. Мэргэжлийн хувьд ч гэсэн дээ эмч домч, багш шавь, цэрэг цагдаа, эрдэмтэн доктор гээд бүхий л салбарын хүмүүс суралцаж байна.

Та үүсэл хөгжлийнх нь талаар дурьдахгүй юу?

Семба бүжиг маань 1960-аад оны үед Ангол улсад маш өргөн дэлгэрч хамгийн түгээмэл бүжиглэгддэг бүжиг болж эхэлсэн. Маш ритмлэг, хурдтай, хөгжилтэй бүжиг. Тухайн үед Ангол улс нь Португаль улсын колон улс байсан бөгөөд колончлолын нөлөөгөөр орж ирсэн бусад орныхон ч уг бүжгийг бүжиглэж сурсан байсан үе. Харин уг бүжгэнд хувьсгал авчирсан гэж хэлж болон залуус бол Кассав хамтлаг. Уг Карибын тэнгисийн Гуадалүүп арлаас ирсэн хамтлаг 1980-аад онд Ангол улсыг өөрсдийн уянгалаг хөгжмөөр байлдан дагуулж эхэлсэн бөгөөд хүмүүс уг уянгалаг аян дээр бүжиглэхийг хүссэн. Чухам яаж бүжиглэсэн бэ гэхээр нөгөө өөрсдийн мэддэг хурдтай, ритмлэг семба бүжгээ удаашруулан бүжиглэж эхэлсэн. Ингээд л удахгүй дэлхий нийтийг байлдан дагуулах уянгалаг намуухан Кизомба бүжиг маань мэндэлсэн.

Энэ колон улсын отгон бүжиг хэрхэн 30-аадхан жилийн дотор дэлхийн нийтийг байлдан дагуулав аа?

Яг үнэндээ бол дэлхийн нийтийг 10-хан жилийн дотор байлдан дагуулсан. Учир нь 2000 онд Португалийн колончлол нурахад нутаг буцсан Португалчууд Кизомба бүжгийн үрийг тээж нутаг буцацгаасан бөгөөд энэ цагаас хойш Испани хэлээр ярьдаг орнуудад бага багаар түрэх болсон. 2005 онд YouTube гарч ирсэнээр дэлхий нийтэд уг бүжиг танигдаж эхэлсэн. Харин 2009 оноос хойш маш хурдацтай тархаж байна.

 Кизомба бүжгийн ая нь хүмүүсийг өөртөө дурлуулах нэг том хүчин зүйл нь. Та ч гэсэн сонсоод үзээрэй, маш уянгалаг намуухан, сонсоод л баймаар.

- Кизомба бүжгээр хичээллэх хүсэлтэй уншигчад  маань танай сургалтанд хэрхэн хамрагдах боломжтой вэ?

Манай “Кизомба Пэйшн” клуб маань Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр хуучнаар Ленин клубын 3-н давхарт байрладаг. Сард 1 удаа анхан шатны сургалт авдаг, дуусгаад цаашлан дунд болон ахисан шатны сургалтуудад хамрагдах боломжтой. Төлбөрийн хувьд 60-70мянган төгрөг байдаг. Kizomba Passion фэйсбүүк пэйж хуудасруу мессеж бичиж бидэнтэй холбогдоорой гэж хэлэе.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top