Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 04

 Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.  

2016 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасан ажлыг ХХААЯ-наас хариуцан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Хөгжлийн банк болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэнээр тариаланчдад зээл олгох ажил эхлэх юм.

Тариаланчид үрийн буудайгаа авч эхэллээ 

"Газар тариалан холбоо"-ны гэх хэсэг хүмүүсийн хуурамч мэдээлэл болон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хууль бус дүгнэлтийн улмаас үрийн буудайн борлуулалт 10 хоног саатаад байсан. Тэгвэл үрийн буудайг шинжилсэн гааль, МХЕГ-ын төв лабораторийн дүгнэлт гарснаар үрийн буудай хаврын тариалалтаас өмнө тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болж, тариаланчид үрийн буудайгаа авч эхлээд байна.

УЛААНБУУДАЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ 

2015 оны тариалалтаас 14 аймгийн 64 сумын 610 аж ахуйн нэгж гурил үйлдвэрлэлд 111.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн бөгөөд энэхүү улаанбуудайн урамшуулал болох таван тэрбум 591 сая 482 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top