Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуульд өөрчлөлт тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр УИХ-ын сонгуулийг жижиг 76 мандаттай мажоритар тогтолцоотой явуулахаар болж байна. Монгол Улс зургаан удаагийн Парламентын сонгуулийн гурвыг нь 100 хувь мажоритар, хоёрыг нь томсгосон мажоритар тойрог бүхий тогтолцоогоор, харин нэг удаа холимог порпорциональ тогтолцоогоор явуулж байсан юм. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн тогтолцоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн систем гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бакей онцоллоо. УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах саналыг гишүүдийн 72.4 хувь дэмжсэн байна.Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ахлуулсан УИХ-д суудалтай намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд үүнтэй холбогдуулан чуулганы хуралдааны үеэр 7 гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлжээ. Шүүмжилж байгаа гишүүд "Зөвхөн жагсаалтын 28-ыг өөрчлөх байсан боловч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хөндөгдөөгүй заалтыг өөрчиллөө" гэж байв. Гэхдээ Ж.Бакей гишүүн "Ажлын хэсгийн төвшинд олон санал ярьсан. Түүнээс олонхын шийдвэрээр жижиг 76 мандаттай тогтолцоог дэмжсэн" гэдгийг онцоллоо.

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрөөс эхэлж, тав хоног үргэлжлэх ёстой байсан юм. Хэдий тийм боловч УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсантай холбоотойгоор хуулийн шинэ зохицуулалтаар тавдугаар сарын 23-нд бүртгэлийг эхлүүлэхээр болоод байна. Ингэснээр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд боломж олдож байна гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Мөн аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуультай холбоотой өөрчлөлт бүхий шинэ зохицуулалтыг ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэх шаардлагатай байгаа гэж үзсэн юм.

Монгол Улс 1996, 2000, 2004 онд сонгуулийг 100 мажоритор системээр явуулж байсан бөгөөд энэ хугацаанд бие даагч болон жижиг намуудын төлөөлөл маш бага сонгогдсон байна. Тухайлбал 1996 онд нэг бие даагч, 2000 онд мөн нэг бие даагч, жижиг хоёр намаас тус бүр нэг суудал авч байсан бол 2004 онд хоёр жижиг нам тус бүр нэг суудал авч байжээ.

bloombergtv.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top