Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх стратеги, төлөвлөгөө болон тэмцэх зааврын төслийг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

Манай орны хувьд хонь, ямааны цэцэг өвчин бүх нутгийг хамран голомтлон гардаггүй ч 2006-2016 оны хооронд давхардсан тоогоор 10 аймгийн 38 сумын нутгийг хамарсан 46 удаагийн тохиолдолд бүртгэгдсэн байна.

Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх аргыг оновчтой болгох, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх дунд хугацааны стратеги, төлөвлөгөөг шинээр боловсруулах, тус өвчинтэй тэмцэх зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг хийж гүйцэтгэж, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлснээр  холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан мөрдөхөөр боллоо.

Хонь, ямааны цэцэгтэй тэмцэх дунд хугацааны стратегийн баримт бичгийг 2020 он хүртэл 5 жилийн хугацаанд мөрдөх бөгөөд Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүс дэх голомт, эрсдэлийг харгалзан ялгаатай үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан байна. Харин одоо мөрдөж байгаа хонь, ямааны цэцэгтэй тэмцэх зааварт өөрчлөлт оруулахдаа өвчний ил шинж тэмдэгтэй бүх малыг устгадаг аргыг өөрчилж, зөвхөн хүнд хэлбэрээр өвчилсөн малыг устгах, бусад мэдрэмтгий малыг тодорхой давтамжтайгаар дархлаажуулах аргачлалыг хэрэглэхээр тогтсон байна. 

Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, тайван байдлаа хадгалах, баталгаажуулахад чиглэсэн арга хэмжээг эн түрүүнд өвчин гараагүй баруун болон төвийн бүсэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Харин зүүн бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ нь цэцэг өвчин дэгдэх эрсдэлийг бууруулах, голомтыг устгахад чиглэгдэж байна. Эдгээр баримт бичгийг батлан мөдүүлснээр төвийн бүсэд халдвар орж ирэхийг эрсдлийг бууруулан амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг бүрэн хяналтад авах, улмаар гадаад, дотоод худалдааны тогтвортой байдлыг дэмжих нөхцөл бүрдэж байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top