Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг бүрэн утгаар нь хангах хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Монголбанкны Ерөнхий эдийн засагч бөгөөд Судалгаа, статистикийн газрын захирал С.Болдтой ярилцлаа. ТэрбээрНам, тогтвортой инфляцийн орчин хадгалагдах нөхцөл бүрдсэнхэмээн тодотгов

-Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж 10 хувь болгосон. Энэ шийдвэр удааширч буй эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх бол. Тэр тусмаа бодлогын нөлөө нь аль салбарт түлхүү мэдрэгдэх хүлээттэй байна вэ?

-Мөнгөний бодлогын шийдвэр эдийн засагт нөлөөлж эхлэх, тэр нь үргэлжлэх, нөлөө нь гарч дуусах тодорхой хугацаа гэж бий. Манай орны тухайд энэ хугацааг дунджаар 6-18 сар гэж тооцоолсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөөлөл эдийн засагт үргэлжилнэ гэсэн үг. Төв банкны зүгээс 2014 оны сүүлийн хагас, 2015 он гээд бүтэн 18 сарын турш мөнгөний бодлогын хатуу төлвийг хадгалж байсан. Харин энэ он гармагц бодлогын хүүг хоёр удаа, нийт 2.5 нэгж хувиар алгуурхан бууруулаад байна. Энэ шийдвэрийн эдийн засаг дахь нөлөөлөл нь энэ оны сүүлийн хагас, цаашлаад 2017 оны туршид гарна гэж ойлгож болно. Түүнээс ойрын хэд хоногийн хугацаанд эсвэл нэг сарын дотор эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарах боломжгүй. 

Мөнгөний агрегатуудын өсөлт сүүлийн 15 сарын турш буурсан байдалтай байгааг хүн бүр мэднэ. Сүүлийн таван улиралд М2 мөнгөний нийлүүлэлтийн өсөлт -5.5 хувиас 3.9 хувийн хооронд, банкны салбарын зээлийн өсөлт -7.2 хувиас 9.8 хувийн хооронд л хэлбэлзэж байлаа. Зээлийн өсөлт, нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөө харахаар сүүлийн таван улирлын турш бууралттай байсан. Бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулсан нь цаашид зээлийн өсөлт, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт дээр харьцангуй эерэг нөлөө авчрах шийдвэр болно. Эдийн засгийн идэвхжилийг дэмжье гэвэл хувийн сектор дахь зээлээ нэмэгдүүлэх хэрэгтэй болно л доо. Тэгвэл мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх шийдвэрүүд нь цаашид мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад эергээр нөлөөлнө гэж Мөнгөний бодлогын зөвлөлөөс үзсэн. Гэхдээ тодорхой хугацааны хоцрогдолтойгоор. 

-Төв банкны зүгээс ямар төрлийн зээлийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх вэ?

-Зээлийг нэмэгдүүлэх гэхээсээ өмнө макро эдийн засгийн нийт тэнцвэрийг хангах шаардлагатай байна. Хэрэв эдийн засгийн нийт тэнцвэрээ хангасан орчинд хувийн секторын зээлийг нэмэгдүүлье гэвэл хамгийн түрүүнд дотоодын үйлдвэрлэл, хуримтлал, экспортыг нэмэгдүүлэх зээлийг өсгөх, энэ төрлийн зээлийн хүү буурах орчныг бүрдүүлэх учиртай. Түүнээс биш эдийн засгийн гадаад тэнцвэрт сөргөөр нөлөөлдөг хэрэглээний зээлийг урамшуулах бодлогыг Төв банк баримтлахгүй. Банкнаас хувийн хэвшилд олгох зээл нь дотоодод үйлдвэрлэл, ажлын байрууд бий болгож, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь экспортод гарч байгаа бол маш сайн. Ийм төрлийн зээлийн хүүг цаашид түлхүү бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг мөнгөний бодлогын хүрээндээ Төв банк дэмжиж ажиллана. 

-Бодлогын хүүг бууруулахад ямар хүчин зүйл түлхүү нөлөөлсөн бэ?

-Хоёр үндсэн хүчин зүйл байна. Нам, тогтвортой инфляцитай эерэг орчин бүрдэж, тэр нь цаашид хадгалагдахаар байна. Энэ оны инфляцийн зорилтот түвшин долоон хувь байгаа. Гэсэн хэдий ч инфляци сүүлийн гурван улирлын турш зорилтот түвшнээс бага байна. Монголбанкны загвараар ч, олон улсын санхүүгийн байгууллагуудын төсөөллөөр ч ойрын хоёр жилд инфляци зорилтот 5-7 хувийн түвшинд нийцтэй байх төлөвтэй байгаа. Энэ нь бодлогын хүүг бууруулах нэг суурь хүчин зүйл болсон. Нөгөө талаар өнгөрсөн жил -268 сая ам.долларын, энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр -38 сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн нийт тэнцэл оны эцэст алдагдалгүй байх төсөөлөлтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ойрын 3-4 жилийн төлөв эерэг боллоо. Гаднаас валютын эх үүсвэрүүд орж ирж, эдийн засгийн гадаад тэнцвэрт эерэг өөрчлөлт гарах тусам макро бодлогын орон зайг тэлнэ. Энэ нь бодлогын хүүг бууруулсан хоёр дахь суурь шалтгаан юм.

 -Инфляци богино болон дунд хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрдсэн үү?

-Нам, тогтвортой инфляцийн орчин хадгалагдах нөхцөл бүрдсэн. Яагаад гэвэл нийт эдийн засагт шаардлагатай байсан бүтцийн тохиргоонууд сүүлийн гурван жилийн туршид хийгдлээ. Хэрэглээний барааны үнийн өсөлтийн гуравны нэгийг эзэлдэг байсан нийлүүлэлтийн гаралтай инфляци гурван жилийн дотор байхгүй боллоо. Энэ эмчилгээг хийсэн гол хэрэгсэл нь гурван жил хэрэгжээд дууссан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” байсан. Нийт эрэлтийг бууруулах, хэрэглээг хумих макро бодлогын арга хэмжээнүүд, дээр нь нэмээд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх “Найм болон таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрүүд” нь эрэлтийн шалтгаантай инфляци бага байх нөхцөлийг бүрдүүлж өглөө.

Энэхүү хөтөлбөр нь өрхийн зардлын бүтцийг оновчтой болгох замаар хэрэглээг хумьж, дундаж давхаргын хуримтлалыг нэмсэн. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн хоёр жил хагасын хугацаанд ашигтай байж, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 6-7 дахин буурчихаад байна. Энэ нь валютын зах тогтвортой байхад нөлөөлж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшаас инфляцид үзүүлдэг сөрөг нөлөөг багасгалаа. Энэ бүхний үр дүнд инфляци нам, тогтвортой түвшинд орсон. Цаашид ч ийм байх төсөөлөлтэй байна.

-“Оюутолгойтөслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтын ажил удахгүй эхлэх гэж байна. Том дүнтэй төсөл эрчимжих нь. Хөрөнгө оруулалтын орчныг та хэрхэн харж байна вэ?

-Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ огцом өсч, өсөлтийн мөчлөг ид үргэлжилж байх үед нийт эдийн засгийн 40-45 хувьтай тэнцэх хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр жил бүр орж ирдэг байсан. Гэвч сүүлийн гурван жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд ч хүрэхгүй болтлоо буурч, гадаадын хөрөнгө оруулалт алга болсон. Чухамхүү 110 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалттай байсан 2015 оныг хамгийн доод ёроолын цэг гэж хэлж болох юм.

Мэдээж “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ оноос эхэлж, ирэх оноос эхлэн жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн энэ төслөөр орж ирэхээр хүлээгдэж байгаа нь эерэг хандлага мөн л дөө. Гэхдээ зөвхөн энэ төсөл төдийгүй, бусад төслөөр, ялангуяа уул уурхайн бус салбарт шинээр орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүний нөлөөг бас дутуу үнэлж болохгүй юм. Ийм учраас жил бүр гадаадын шууд хөрөнгө оруулалт дотоодын нийт бүтээгдэхүүний 15-20 хувь орчимд байх боломжтой гэж бид хардаг. Дунд хугацааны төлөвийг нь эерэг гэж дүгнэж байгаа. 

-Уг төслийн хүрээнд эхний санхүүжилт болох нэг тэрбум ам.доллар орж ирэхээр хүлээгдэж байгаа. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжих, улмаар буурахад яаж нөлөөлөх бол. Ам.долларын ханш буурах шинж ажиглагдаж байна уу?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх нь төлбөрийн нийт тэнцэлд, эдийн засгийн гадаад тэнцвэртэй байдалд эергээр нөлөөлнө. Валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Энэ утгаараа ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ гаднаас валют орж ирэхийн хэрээр л валютын ханш буурч, төгрөгийн ханш чангардаг гэж автоматаар ойлгож болохгүй. Ханш гэдэг төлбөрийн тэнцлийн тусгал байдаг. Төлбөрийн тэнцэл ямар байх вэ, түүнийг дагаж ханш өөрчлөгддөг.

Төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгахад эергээр нөлөөлж байгаа ханш бол зөв ханш. Харин импортыг урамшуулж, дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж, экспортын өрсөлдөх чадварыг доройтуулж, төлбөрийн тэнцлийг алдагдалтай болгоход нөлөөлж байгаа ханш бол буруу ханш. Одоогийн ханш бол бодитой, уул уурхайн нөлөөгүй үеийн, эдийн засаг бодит хөрсөн дээрээ буусныг илэрхийлсэн ханш. 

-Инфляци зорилтот түвшнээс харьцангуй доогуур байна. Энэ нь таатай үзүүлэлт болж буй. Эдийн засагт нэн тулгарч буй ямар сорилт, бэрхшээл байна вэ?

-Макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг бүрэн утгаар нь хангах хэрэгтэй байна. Нам, тогтвортой инфляцийг хадгалсан орчинд эдийн засагт валютын орох урсгалыг нэмэгдүүлж гадаад тэнцвэртэй байдлыг хангах, улсын төсвийн тэнцлийг алдагдалгүй байлгах замаар хувийн хэвшлийн зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж буюу орон зайг тэлэх, мөн Засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулах арга хэмжээнүүд үүнд цогцоороо хамаарна.

Ингэж эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангахын сацуу эдийн засгийн бүтцийг олон тулгууртай зохистой болгох, хуримтлалд суурилсан тогтвортой өсөлтийн загварыг хэрэгжүүлэх боломжийг энэ цаг үе өгч байна. Энэ боломжийг алдахгүй урагшлах гэдэг нь үндсэн сорилт юм. Улс төрийн болон эдийн засгийн институцийн тогтвортой хөгжлийг хангах, төлөвшүүлэх асуудал энд мэдээж чухал л даа. 

-Мөнгөний бодлогын мэдэгдэлд улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байна гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах гэхээр даруй тодотгол хийх ёстой гэж ойлгох болох уу?

-Оны эхний улирлыг өмнөх 2015 оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого 11 хувиар буурсан байхад харин зардал нь 25 хувиар өссөн байна. Ингэснээр төсвийн алдагдал жилийн өмнөх үеийнхээс дөрөв дахин нэмэгдсэн гэсэн гүйцэтгэл гарсан байна. Иймд төсвийн тодотгол бол зайлшгүй хийгдэнэ. Гэхдээ эдийн засгийн шинэ тэнцвэрийн бодлогод хамаарах төсвийн зохистой бодлого гэдэг нь тодотгол төдийхнөөр хязгаарлагдахгүй. Төсвийн орлогын төлөвлөлт нь алдаагүй бөгөөд маш бодитой байхыг, төсвийн тэнцлийг алдагдалгүй болгохыг, төсвөөс хуримтлал үүсгэж сурахыг төсвийн зохистой бодлого гэж ойлгох учиртай юм. Ийм учраас улсын төсвийн реформыг эрчимжүүлэх шаардлага хэвээр байгааг Мөнгөний бодлогын зөвлөл байнга онцолдог. 

 

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top