Нийслэлд ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг шалгаруулж, урамшуулдаг болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа. Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НОГООН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.
1.2.1.“ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэж байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, хог хаягдалгүй, орчны бохирдлыг бууруулсан, төслийн төлөвлөлтийн болон хэрэгжилтийн явцад олон нийтийн оролцоог хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл санаачлан хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;
1.2.2.“зөвлөл” гэж нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засаг даргын байгуулсан багийг.

Хоёр. Шалгуур үзүүлэлт

2.1. Ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалахад дараах үзүүлэлтийг шалгуур болгоно. Үүнд:
2.1.1. байгалийн нөөц баялгийн иж бүрэн, хэмнэлттэй ашиглалт;
2.1.2.хүрээлэн буй орчин /агаар, хөрс, ус/-ны бохирдлыг бууруулах, багасгах, арилгах чиглэлийн технологи;
2.1.3.байгалийн гаралтай түүхий эдийг орлуулах бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлсэн байдал;
2.1.4.хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах болон эргүүлэн ашиглах, дахин боловсруулах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал;
2.1.5.сэргээгдэх эрчим хүч ашигласан байдал;
2.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, бараа материалын хэрэглээг дэмжиж буй байдал;
2.1.7.тухайн төсөл нь нийслэлийн иргэдийн “ногоон” амьдралын хэв маягт шилжихэд үзүүлэх нөлөөлөл;
2.1.8. “ногоон” ажлын байр бий болгосон байдал;
2.1.9. тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч экологи, байгаль хамгааллын чиглэлийн олон улсын болон үндэсний стандартуудын шаардлагыг хангасан байх.
2.2. Энэхүү журмын 2.1-д заасан шалгуураар ногоон төсөл хэрэгжүүлсний үр дүнг тооцохдоо экологи, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ, өгөөж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг ашиглана.
2.3. Тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч журмын 2.1-д заасан шалгуур үзүүлэлтүүд нь өөр өөр байж болно.

Гурав.Урамшууллын хэлбэр

3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төслийг шалгаруулж, дор дурдсанаар урамшуулна. Үүнд:
a.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон төсөл хэрэгжүүлэгч" гэрчилгээ олгох;
b.гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, нэвтрүүлсэн арга, технологи, туршлагыг олон нийтэд сурталчлан алдаршуулах;
c.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх /хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл хэрэгжүүлэгчид шаардлагатай итгэмжлэл, тодорхойлолт гаргах г.м/
3.2.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны салбарын улсын шагналд нийслэлийн Засаг дарга нэр дэвшүүлж болно.

Дөрөв. Урамшуулах ажлын зохион байгуулалт

4.1.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хэрэгжүүлэгч холбогдох баримт бичгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлнэ. “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээ олгох шийдвэрийг сонгон шалгаруулах Зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга гаргана.
4.2.Зөвлөлөөс хүргүүлсэн санал, дүгнэлтэд шаардлагатай гэж үзвэл Засаг дарга мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
4.3.Сонгон шалгаруулалтад нийслэлд хэрэгжиж эхэлсэн болон туршилт хийгдэж, үр дүн нь батлагдсан төслийн баримт бичгийг хүлээн авна.
4.4. Сонгон шалгаруулалтад орох материал нь дараах баримт бичгээс бүрдэнэ:

a. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл буюу албан хүсэлт;
b. иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
c. төслийн танилцуулга /технологийн нарийвчилсан тодорхойлолт, хүрсэн үр дүн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежентийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан/;
d. харьяа дүүрэг болон холбогдох мэргэжлийн байгууллага, лабораторийн санал, дүгнэлт;

Тав. Талуудын эрх, үүрэг

5.1.Зөвлөлийн эрх
5.1.1.Тухайн төслийн онцлогоос хамааран шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад хандан дүгнэлт гаргуулах;
5.1.2.Зөвлөл нь 7 /долоо/ гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг олонхийн саналын дагуу шийдвэрлэх;
5.1.3.Төсөл хэрэгжүүлэгчээс шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт гаргуулах, тайлбар авах;

5.2.Зөвлөлийн үүрэг
5.2.1. Зөвлөлийн гишүүд тухайн төслийн нууцад хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх;
5.2.2. Төслийн сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлэн, төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй мэдээллээр хангах;
5.2.3 Зөвлөл улиралд нэг удаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт бичигт хяналт, шинжилгээ хийж санал, дүгнэлтээ Засаг даргад хүргүүлнэ.

5.4. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх
5.4.1.Төслийн талаар шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар мэдээлэл өгөх.
5.4.2. Байнгын зөвлөлийн үйл ажиллагаа болон сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах.

5.5.Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг

5.5.1.Төслийн талаар мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах.
5.5.2.Ногоон төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь цаашид уг төслийг тогтвортой хөгжүүлэх, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажиллах;
5.5.3. Тухайн төслөөр дамжуулан Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад ногоон амьдралын хэв маягийн талаар ухуулан сурталчлах;

Зургаа. Хариуцлага

6.1. Байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон эсвэл шалгагдаж буй төсөл хэрэгжүүлэгчийн материалыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
6.2. Энэхүү журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь холбогдох байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь тогтоогдвол “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээг хүчингүй болгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top