Вакциндаа хамрагдаагүй иргэнийг торгох хуулийн заалттай

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт орон даяар энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа. Нийт 624 мянган иргэн дархлаажуулалтад хамрагдахаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 155 мянган хүн вакцинаа хийлгээд байгаа аж.

Вакцинжуулалтын хугацаанд буюу энэ сарын 12-25-ны өдрүүдэд өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллах бөгөөд иргэн та харьяалал харгалзахгүй өрхийн эмнэлгүүд дээр очиж, вакцинаа хийлгэх боломжтой.

ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

Ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл 

Амралтын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл 

Тэгвэл дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх, тарилгаас хоцрохгүй байх үүрэгтэй юм байна.Мөн энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд 20.000-30.000 төгрөгөөр торгож, нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлдэг аж.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТУУД:

6 ДУГААР ЗҮЙЛ. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААР ИРГЭНИЙ ЭДЛЭХ ЭРХ ҮҮРЭГ

6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараах эрх эдэлнэ:

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг  төлбөргүй хийлгэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.

6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараах үүрэг хүлээнэ:

6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас  хоцрохгүй байх;

10 ДУГААР ЗҮЙЛ. ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТ

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

21 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

21.1. Дархлаажуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч дараах шийтгэлийг  ногдуулна:

21.1.1. энэ хуулийн 6.2.1-ийг зөрчсөн бол иргэнийг 20,000-30,000 төгрөгөөр торгох;

21.1.2. энэ хуулийн 6.2.3-ыг зөрчсөн бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулан, гарсан зардлыг тухайн иргэнээр төлүүлж, иргэнийг 20,000-30,000 төгрөгөөр торгох;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top