Л.Наранбаатар: Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юмдагуудаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Уул уурхайн хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд уул уурхайн бүтээгдэхүүнээ танилцуулах, хамтран ажиллах зорилго бүхий “Coal & Metals Mongolia” чуулга уулзалт саяхан боллоо. Үүнтэй холбогдуулан уг уулзалтыг санаачлагч, “Гложекс” ХХК-ийн Ерөнхий захирал, эрдэс баялгийн эдийн засагч  Лүндэгийн Наранбаатартай ярилцлаа.

-Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах чуулга уулзалт өмнөх жилүүдээсээ юугаараа онцлог болов?

-Ер нь, манай чуулганы гол зорилго бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх, энэ салбарын бизнесийн харилцаа холбоог өргөжүүлж, Монгол Улсынхаа эдийн засгийг тэлэхэд чиглэдэг. Уул уурхайн супер цикл буюу үнийн өндөр өсөлтийн үед хурлуудыг тус тусд нь хийхэд илүү үр дүнтэй байсан. Тухайлбал, нүүрсний салбарын “Coal Mongolia” чуулган энэ жил зургаа дахь жилдээ, хоёр жилд нэг удаа болдог металл болон металлургийг хөгжүүлэхэд чиглэсэн, хөрөнгө оруулалтын Metals Mongolia чуулга уулзалт гурав дахь удаагаа, олон улсын уул уурхайн техник технологи, тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн “Mine Tech ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Өнөө жил энэ гурван том чуулга уулзалтыг нэгтгэж “Coal & Metals Mongolia” нэрийн дор зохион байгуулснаараа онцлог боллоо. Эдийн засаг хямарсан үед олон чуулга уулзалт нэгдэж хийх нь бизнес талаасаа илүү үр дүнтэй. Тиймээс Уул уурхайн ассоциацитай хамтран ажиллах санал тавьж эдгээр уулзалтыг нэгтгэсэн.

-Гурван том уулзалт нэгтгэсэн гэхэд хөрөнгө оруулагчид цөөн ирсэн юм шиг санагдсан. Ирж оролцсон хүмүүс нь хөрөнгө оруулалтын талаар нааштай зүйл ярив уу?

-Эхний өдөр нь “Coal Mongolia” болсон. Дараагийн өдөр нь Metals Mongolia” гэж хийсэн. Ер нь, нүүрсний салбарт шинэ төсөл хэрэгжүүлээгүй учраас шинэ хөрөнгө оруулагчид энэ жил ирсэнгүй. Харин одоо байгаа Тавантолгойн төслөө хүчин чадлыг нь хэрхэн өргөжүүлэх вэ, төслийн гэрээ хэрхэн явах вэ гэдэг дээр ихээхэн анхаарал хандуулж байна лээ. Хөрөнгө оруулагч гэхээсээ илүү коксжсон нүүрсийг худалдаж авах, мөн хамтран ажиллах, энэ төслийг хэрэгжүүлснээр дотоодын ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдэд ихээхэн зах зээл нь тэлэх учраас энэ төрлийн оролцогч нь түлхүү ирсэн.

-Манай улс Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг өнөө жил эхлүүлэхээр боллоо. Энэ замыг тавибал нэг талаар хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх, нөгөө талаар нүүрсээ хэрэглэгчдэд хүргэх нөхцөл боломж нээгдэж байна гэсэн үг биз дээ?

-Тийм байж магадгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтаар биш өр зээлээр улсын компаниуд төмөр замаа барина гэдэг нь их учир дутагдалтай л даа. Миний хувьд энэ талд эсрэг байр суурьтай байдаг. Үндэсний эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр би ажилладаг. Тэр үед Энэтхэгээс зээлээр авах нэг тэрбум ам.долларыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд зарцуулъя гэдэгт эсрэг санал өгсөн. Яагаад гэвэл энэ зээлийн 60-70 хувь нь зөвхөн Энэтхэгийн компаниудыг, тэдний ажил үйлчилгээг дэмжихэд зориулсан нөхцөлийг нэгдүгээрт болзол болгож тавьсан. Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалт нь эдийн засагт шингэхгүй, гадагшаа урсаад явчих мөнгө гэж харагдаж байгаа юм. Уг нь, Тавантолгойн төслийг явуулахаар хамгийн сүүлд Япон, Хятад, Монголын компаниудын хамтарсан консерциум шалгарсан. Тэд өөрсдөө эрсдэл гаргаад, төрөөс нэг ч төгрөг авахгүйгээр төмөр замаа бариад, тодорхой хугацааны дараа Монголын төрд буцаан өгөх нөхцөл тавьсан. Энэ бол хамгийн сайн хувилбар байсан гэж би боддог. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан, Монгол Улс коксжсон нүүрсний зах зээлээс нэлээд хүчтэй шахагдсан, Тавантолгойн ордын үнэ цэнэ унасан ийм үед төмөр замын асуудлыг муу хувилбараар ч болов ярьж буй нь яамай даа. Гэхдээ энэ нь оновчтой шийдэл биш.

-Оновчтой шийдэл биш гэдгээ бүр тодорхой тайлбарлаж өгөөч?

-Энэ төмөр замын далангийн ажлыг 280 сая ам.доллараар хийсэн гэдэг ч мэргэжлийн хүмүүс хараад “Зүгээр л шороо овоолчихсон байна” гэсэн шүү дээ. Цаана нь дахиад нэг тэрбум ам.долларыг зээлээр авч хийнэ. Зээлийн хүүгээ төлж таарна. Монгол Улсын эдийн засгийн чадамж өнөөдөр ямар байгаа билээ. Хэзээ энэ зээлийн үндсэн төлбөрийг төлж эхлэх вэ, хүүг нь төлж дийлэх үү. Ийм асуудал үнэхээр манай улсын хувьд бол сорилт болно. Тэрбум ам.долларын зээл авчихаад бүтээн байгуулалт гацвал Монгол Улс бүхэлдээ санхүүгийн аюулд орно. Тиймээс мега төслийг хэрэгжүүлэхдээ “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг боломж, аюул занал, өөрсдийн нөхцөл байдлыг бодож байж хийх хэрэгтэй.

-Нэгэнт энэ зээлийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар боллоо. Тэгвэл одоо яах ёстой вэ?

-Төмөр зам барихын тулд нэг тэрбум ам.долларын зээл авах нь цорын ганц сонголт гэж би харахгүй байгаа. Энэ бол хэрэгжүүлж болох хамгийн муу хувилбар. Сайн хувилбар гэвэл Япон, Хятад, Монголын компаниудын хамтарсан консерциумын санал шүү дээ. Тэдний санал нь энэ оны эцэс буюу арванхоёрдугаар сарын 30 хүртэл хадгалагдах юм билээ. Тиймээс “Энэ бололцоог ашиглаач ээ” л гэж хэлье.

-Манай коксжсон нүүрсний экспортын хэмжээ, үнэ маш их буурлаа. Чуулга уулзалтад урд хөршийн хэрэглэгч, хөрөнгө оруулагчдаас ирэв үү. Ирж оролцсон бол цаашид хамтарч ажиллах талаар тэд юу гэж байх юм?

-Шангси мужаас энэ удаагийн чуулга уулзалтад Хятадын төрийн өмчит “Шангси Кокинг Коал Сэйлс Женерал” компанийн ерөнхий менежер ирж илтгэл тавьсан. Тэд манай улсын ирээдүйг сайнаар, боломжтой гэж харж байна. Өрсөлдөгчөө гэж харахгүй байна. Хэдийгээр коксжих нүүрсний зах зээл дээр өрсөлдөж буй том худалдан авагч бөгөөд нийлүүлэгч ч гэсэн манайхыг “хамтрагч” гэж гэж харж байна лээ. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний орд өнөөдөр өндөр чанарын нүүрстэй, харин Шангси мужийнх чанараараа арай бага. Энэ хоёр нүүрсийг холиод хэд хэдэн төрлийн чанарын шинэ брэнд бүтээгдэхүүн гаргаж ирээд Хятадын дотоодын хэрэглээг хангах, улмаар Япон, Солонгосын зах зээл дээр их хэмжээгээр нийлүүлэх бололцоотойг хэлсэн. Мөн  илтгэлдээ “Одоо коксжих нүүрсний үнийн уналт хамгийн доод цэгтээ тулж, өртгөөсөө бараг доогуур орсон. Эрчим хүчний нүүрсээс 100 юанийн зөрүүтэй байна. Үнэ үүнээс доош унах эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй. Цаашид дунд болон урт хугацаанд коксжих нүүрсний үнэ өснө” гэж хэллээ. Тэгэхээр Монголд ирээдүй байгаа ч боломжуудаа өөрсдөө ашиглаж чадахгүй байна гэдгийг л энэ удаагийн хурлаас олж харлаа. Одоогийн байдлаар манайх угаасан коксжих нүүрсээ 65, түүхий коксжих нүүрсээ яг уурхайн аман дээр жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” компани 25 орчим ам.доллараар зарж байгаа юм билээ.

-Тэгвэл ямар боломжийг одоо алдахгүй ашиглах ёстой вэ?

-Ер нь, амаргүй зах зээл дээр бид өрсөлдөж байгаа. Хятадын зах зээл дээр Австрали, Индонез, ОХУ гээд бүгд л нүүрсээ зарахыг хүсч байна. Тэр ч бүү хэл, их гүрнүүд хоорондоо яриад Хятад руу нийлүүлэх нүүрснийхээ импортын гаалийн татваруудыг тэглүүлж байна. Гэтэл Монгол Улсын татвар нь хэвээрээ учраас өрсөлдөх чадварын хувьд бид сул байгаа юм. Зах зээлийн хямралтай нөхцөлд Хятадын эдийн засаг өөрөө бүтцийн өөрчлөлт хийж эхэлсэн. Тухайлбал, аж үйлдвэрийн салбар нь нийлүүлэлтийн маш их илүүдэлтэй болсон. Төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн эргэлт нь өнгөрсөн жил гэхэд 30 хувиар суларсан. Энэ нь, Хятадад транзит тээвэр хэрэгтэйг хэлж байна. Тиймээс Монголд коксжих нүүрс төдийгүй төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг транзит тээврээр гуравдагч буюу бидний мөрөөдөөд буй Япон, Солонгосын зах зээл дээр өндөр үнээр зарах бололцоо нь нэг талаасаа нээгдэж байгаа юм. Хоёрдугаарт, Хятадын төмөр замтай өрсөлдөхүйц авто замын сүлжээ бий болсон. Маш бага, төмөр замаасаа бараг 20, 30 хувиар хямд үнээр тээвэр хийгээд байгаа тул Хятадын төмөр зам тээврийн тарифаа буулгахаас өөр аргагүй болсон. Ингэснээр төмөр замын хямд тарифаар их хэмжээний ачааг транзитаар гуравдагч зах зээлд гаргах боломж манайд бий болж байна. Коксжих нүүрсний үнэ хэдийгээр уналттай байгаа ч төмөр замаа Монголчууд хурдан шийдэж чадвал Тавантолгойн ордоо үнэ цэнэ хүргэх бололцоо нь байгаа. Өнөөдөр энэ орд үнстэй л адилхан үнэтэй байна.

-Манай улсын нийт экспортын хэд орчим хувийг угаасан нүүрс эзэлж байгаа вэ?

-2012-2013 онд буюу үнийн өндөр өсөлттэй үед бараг 70 хувийг угаасан коксжих нүүрс эзэлж байсан бол 2015 онд эсрэгээрээ 70 хувийг нь түүхий коксжих нүүрс эзэлсэн. Тэгэхээр манай улс нэмүү өртөг шингээж гуравдагч зах зээлд гаргах, нүүрсний салбарынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тухай зорилтоосоо ухарсан гэсэн үг. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод “Нүүрсийг түүхийгээр нь экспортлохыг хориглоно, угааж баяжуулсан нүүрс гаргана” гэж заасан хэдий ч парламентаас гаргаж буй шийдвэрүүд, том төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой улстөрчдийн зөрчил дээрх бодлогынхоо эсрэг байгаа. Манай улс коксжих нүүрсний салбарт гаргасан бодлогоосоо ухралт хийсэн нь харамсалтай.

-Нүүрсээ бүгдийг нь угааж гаргана гэсэн бодлого бий ч хэрэглэгч түүхийгээр нь авахыг илүүд үздэг юм биш үү?

-Угаасан нүүрс авах сонирхол хэрэглэгчдэд байгаа шүү дээ. Сайн чанарын коксжих угаасан нүүрс гаргаад ирэхээр Хятадын дотоодын чанар муутай нүүрсүүдтэйгээ холиод “Тавантолгой брэнд” гэдэг нэрээр гуравдагч орон руу экспортлоод байгаа юм. Энэ нөөц бололцоогоо бид өөрсдөө л гартаа авах учиртай. “Эрдэнэс Тавантолгой” компаниас гарч буй хямд өртөгтэй түүхий нүүрсэд Монгол Улс нэмүү өртөг шингээхгүй байгаа. Экскаватороор ухаж аваад шууд л хилээр гаргаж байна гэсэн үг. Энэ нүүрсэнд нэмүү өртөг шингээхгүй, ажлын байр бий болгохгүй, боломжуудыг ашиглахгүйгээр хамгийн бүдүүлэг хэлбэрээр олборлолт хийж байгаа гэхэд болно. Тиймээс гаргасан бодлогынхоо хүрээнд л ажилламаар байгаа юм.  

-Бүгдийг нь боловсруулж гаргана гэвэл зардал маш их орно. Үүнийг хэрхэн шийднэ гэж харж байна?

-Дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг гурван жилийн дотор хийх төлөвлөгөө Япон, Хятад, Монголын хамтарсан консерциумд байсан шүү дээ. Хэрвээ энэ төслийг явуулахыг хүлээн зөвшөөрөөд шийдсэн бол өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тэг рүү тэмүүлэхгүй. Одоо бараг тэг болно гэж байгаа. Дор хаяж 10 хувийнхаа түвшнийг хадгалах хэмжээнд ойрын хоёр жилдээ явах бололцоо байсан. Үйлдвэрээ барьж дууссаны дараа коксжих нүүрсний зах зээл сэргэж,  эргээд хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх бололцоо нь гарч ирэх байлаа. Харамсалтай нь, энэ гарцыг Монголчууд алдсан.

-Хятад, Монгол, Оросыг холбосон тээврийн коридор бий болгож, Дорнод Сибирийн боомтууд руу нүүрс хүргэх тухай яриад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ боломжтой ч эдийн засгийн хувьд өрсөлдөх чадваргүй гэж харж байгаа. Эдийн засгийн үр ашгаа харвал 280 км-ээр хил давуулаад нүүрсээ өндөр үнэтэй зарах уу, 2000 км тээвэрлээд зарах уу гэдэг асуудал байгаа биз. Бид өнөөдөр 280 км төмөр замаа ч барьж чадахгүй дээр нь зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд байна. Тэгэхээр 2000 км тээвэрлэвэл зах зээл дээр яаж өрсөлдөх вэ. Энэ бол дэндүү ойлгомжтой асуудал. Хойд хөрш өөрөө бидний том өрсөлдөгч. Тиймээс биднийг транзитаар нүүрс бараг тээвэрлүүлэхгүй болов уу гэж бодож байна даа.

 

Засгийн газар сая хуралдаж “Саусгоби сэндс” компани ногдуулсан 35 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байна. Та энэ талаар ямар бодолтой байна.

 

“Саусгоби сэндс” компанийн толгой компани нь Хятад компани. Энэ компанийн өрийг даруулахын тулд Эрдэнэс Таван толгойн баруун цанхид олорлолтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байгаа юм байна. Зүүн цанхийн чанар сайтай коксжих нүүрсний давхрагад TTJVCo гээд мөн Хятад компани олборлолт хийж байгаа. Үндсэндээ Эрдэнэс таван толгой бүхэлдээ хятадуудын мэдэлд ингээд очиж байна. Үндэсний Энержи Ресурс гэдэг компаниа дампуурлаа, өрөнд орчихлоо гээд баярлаж бахдах хэрнээ Хятадын компаниудыг болохоор өрнөөсаа гараа гээд Эрдэнэс Таван толгойд олборлолтын эрх өгч байгааг хараад үнэхээр ойлгохгүй юм. Монголчууд Монголдоо үнэ цэнэгүй болж байгаа юмдагуудаа.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье!

Эх сурвалж “Ган зам” сонин, М.Наранболд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.179.31.73) 2016 оны 05 сарын 19

шударга залуу байна. нээрэн манай энэ улс төрчид ялангуяа АН ынхан үндэсний компаниа дампуурч байна. хятадад ТТ г зарах гэж байна гээд хуцаад байсан. баярцогт ч ёстой жинхэнэ хятадын монгол байна ш дээ. энэ нөхдүүдийг бүгдийг нь зайлуулах сонгуулийн өдөр ойртож байна даа

0  |  0
Irgen(103.212.117.166) 2016 оны 05 сарын 18

Emeelted nuguu huwitsaag 500000 tugruguur awaad bn gej yarij bn.shunujingu dugaarlasan humus bn gene.nuguu bariwchildag humus haa yawna

0  |  0
Top