Үдийн 12 цаг гэхэд бүх ажлаа дуусгаж сурснаар амьдралд минь гарсан өөрчлөлт

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

Ажиллаж байна гээд компьютерийн цаана зүв зүгээр суун цаг үрдэг хүмүүс олон байдаг. Би ч тэдний нэг байлаа. Шал хэрэггүй тоглоом тоглож, эсвэл интернетээр зорилгогүй хэссэнээр нийтдээ амьдралынхаа хэдэн сар жилийг үрснийг тооцоолошгүй. 

Миний хувьд хийж байгаа юмандаа анхаарлаа бүрэн хандуулж ажиллана гэдэг үнэхээр хэцүү зүйл байсан. Цагаа зөв зарцуулах талаар олон зүйл л уншихаас гадна хувийн зохион байгуулалтаа сайжруулахад чиглэсэн сургалтад хүртэл сууж үзсэн. Гэсэн ч нөгөө л анхаарлаа төвлөрүүлж сурахгүй байснаас урдах ажил минь овоорч, хүн болгон гэртээ харсан хойно ажилтайгаа ноцолдоод муухай царайлаад л үлддэг байсан. 

Харин саяхнаас би миний амьдралд яг юу чухал вэ? гэсэн асуултад хариу олох гэж хэсэг бодлоо. Би амьдралын зөв хэв маягийн талаар сонирхдог тэгээд энэ сонирхлоо хувийн бизнес болгон ажилладаг хүн л дээ. Тэгээд нухацтай бодсоны эцэст уул нь би үхтлээ ажиллах биш харин эсрэгээр өөрийн хүссэн зүйлийг хийхэд л хангалттай цаг хугацаатай болох гэж бизнес эхлүүлсэн хүн шүү дээ. Харин би эсрэгээрээ аль болох үр бүтээлтэй ажилсаг хүн болж харагдах гэж компьютерийн ард дэмий л цаг үрэн суудгаа ойлгосон. 

Өөрийн цаг үрдэг муу зуршлаа бүр мөсөн хаяхын тулд саяхан нэг эрс тэс зоригтой туршилт хийж үзлээ. Тэр нь өглөө эрт 6:30 аас эхлэн ажиллаж бүх ажлаа үдийн 12 цагаас өмнө дуусгасан байх. 

Өглөөний 6:30-12:00 хүртэл 5 цаг 30-хан минут байгаа биз? Юу ч хийж амжихгүй шдээ гэж та яг одоо бодож байгааг би мэдэж байна. Хүн эрч хүчтэй ажиллахад 5 цаг л болдог, үүнээс хэтрэхээрээ үр дүнгээ өгч эхлэхээ больдог байна. 

Мэдээж амьдралаа шууд ингэж өөрчлөхөд хэцүү л дээ. Танд бэлтгэл хэрэгтэй!

 

Өмнөх орой нь маргаашийнхаа хийх зүйлсийн жагсаалтыг гарга

Өглөө босоод "За байз өнөөдөр чинь юу хийх бил ээ?" гэж боддог хүн маш их энерги алддаг байна. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахдаа амьдралыг чинь тодорхой хэмжээгээр урагшлуулах нэг чухал зүйл заавал оруулж байгаарай!  Хэсэг ингэж дадсаны дараа амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөхийг анзаарах болно. 

Өглөө эрт босч сурах

Өдөр нь хэр ихийг амжуулах нь хэдэн цагт босохтой шууд холбоотой. 7 цагаас өмнө босч байвал үр бүтээл чинь эрс нэмэгдэнэ. Ажлаа эрт амжуулж дуусаад өдөр нь санаа амар суухыг л аз жаргал гэдэг байх. Хүн ямарваа нэг дадлыг өөртөө хэвшүүлэхэд 21 хоног хэрэгтэй байдаг гэнэ. Та 21 хоног өглөө 7-оос өмнө босох зорилго тавиад үз! 21 хоногийн дараа таны нүд өглөө өөрөө нээгдэх болно. 

Анхаарлаа удирдаж сурах

Өөрийн анхаарлаа хүссэнээрээ удирдаж сурвал хүнд хийж бүтээж чадахгүй юм гэж үгүй. Яавал анхаарлаа сайн төвлөрүүлдэг гэдгээ олж мэдээрэй. Зарим хүмүүс чанга хөгжим чихэвчээрээ сонсож ажлаа хийдэг бол зарим нь чимээгүй орчинд хамгийн сайнаараа ажилладаг.

Ажлаа хамгийн хэцүүгээс нь эхэлж хийж байх

Хүмүүс ихэвчлэн жижиг ажлуудаа түрүүлж хийгээд хэцүүг нь сүүлд нь үлдээдэг. Харин хамгийн чухал, хамгийн хийхэд хэцүүг нь эхэлж хийж байвал тэр өдөртөө зөвхөн нэг зүйл хийсэн ч хамгийн чухал гэдэг утгаараа урагшилж байна гэсэн үг. Мөн өглөө сэргэг эрч хүчтэй байхдаа хийсэн зүйл чанартай байдаг. 

Амьдралыг чинь урагшлуулах зүйлийг л ажлаа болгох

Бизнесийг чинь ахиулахгүй, ажлыг чинь урагшлуулахгүй зүйлд цаг заваа үрэх хэрэггүй. Чухал биш зүйлд анхаарлаа хандуулан өдрийг өнгөрөөвөл төгсгөлд нь хөдөлмөрлөсөн юм шиг санагдавч үр дүн багатай байдаг. Том ажлаа жижиг хэсгүүд болгон хувааж өдөр бүр бага багаар хийж байвал нэг л өдөр зорилгодоо хүрсэн байх болно.

Өдөр 12:00 аас хойш ажлаас өөр юм төлөвлөх

12:00 гэхэд ажлаа дууссан байхын тулд 12 оос хойш ажлаас өөр зүйлүүд төлөвлөж занш. Ингэснээр өглөөний цагийг үр бүтээлтэйгээр ашиглаж сурах болно. Мөн амьдрал чинь стресс багатай болж бүх зүйлийг ариа өөрөөр харахад хэрэгтэй. Өглөө 7:00 оос 12:00 хүртэлх цаг хамгийн эрч хүчтэй хамгийн их ажил амждаг үе. Харин тэрнээс хойш хүний анхаарал ч сарнихдаа амархан бөгөөд илүү амралтын сэтгэлгээ рүү шилждэг.

Заримдаа үдээс хойш ажиллах 90 минут гаргах

Үргэлж өдөр 12 цагт ажлаа дуусгана гэдэг хэцүү бас их бэрхшээлтэй тулгарна. Тийм болохоор зарим жижиг сажиг ажлаа үдээс хойш хийхээр төлөвлөж тэрэндээ нийт 90 минут л зарцуулж бай. Тэр чигээрээ орой хүртэл хэзээ ч ажиллаж болохгүй. Амьдрал бол зөвхөн ажил биш, өөртөө, гэр бүлдээ, найз нөхдөдөө, өөрийн хоббиндоо цаг зарцуулбал та баланстай бас стрэсс багатай амьдарч чадах болно. 

Миний түүхийг уншсан танд баярлалаа!  Хэрвээ та энэ арга таны амьдралыг ч бас өөрчилж чадна гэж итгэж байгаа бол туршаад үзээрэй! Амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top