Мөөгөнцөр таныг зовоогоод байна уу

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр эмэгтэйчүүдэд тохиолддог нийтлэг өвчин бий. Энэ бол бэлгийн мөөгөнцөр өвчин юм. Хүйтний улирал эхэлж, хүний биеийн эсэргүүцэл суларч, ядрах, даарах болон антибиотик хэрэглэж байгаа үед бичил биетнүүд идэвхжиж эхэлдэг. Мөөгөнцөр нь олон янз байдаг ч бэлгийн мөөгөнцөр нь эрэгтэй болон эмэгтэйчүүд болоод нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд ихээхэн тохиолддог. Бэлгийн мөөгөнцөр нь бэлэг эрхтний дотор хэсэгт “candida” хэмээх бичил биетнүүд үүссэнтэй холбоотой үрэвсэл юм.

Бэлгийн мөөгөнцөрийн илрэх шинж тэмдэг:

Бэлгийн мөөгөнцөрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтнээс цагаан юм ялгарах үзэгдэл юм. Бэлгийн мөөгөнцөрийн үед ялгарах цагаан юм нь сүү, сүүний цөцгий, ээдэм маягийн шинжтэй байдаг. Мөн бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн цөөхөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнах нь бий. Бэлгийн мөөгөнцөртэй хүмүүсийн заримд нь бэлгийн харилцаанд орох үед хорсож өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Бэлгийн мөөгөнцөрийн үед ямар нэгэн эвгүй үнэр байдаггүй.

Бэлгийн мөөгөнцөр хэрхэн халдварладаг вэ?

Бэлгийн мөөгөнцөр нь бэлгийн харилцаанд орсон хосоос халдварлана. Мөн бохир жорлон, бассейнээс халдварлах эрсдэлтэй байдаг. Гэвч мөөгөнцөрийн гол үүсэх шалтгаан нь гаднаас халдварлахаас илүүтэйгээр бэлгийн эд эсийн PH-ийн тэнцвэр алдагдснаас болж үүсдэг байна. Учир нь огт бэлгийн харилцаанд ороогүй залуу охидод хүртэл энэ өвчин илэрдэг. Энэ мөөгөнцөр нь хамгийн ихээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд илэрдэг. Учир нь эдгээр хүмүүст ялгарч байдаг эстрогений дааврын нөлөөгөөр мөөгөнцөр бий болох таатай орчин бүрдэж өгдөг байна.

Ямар үед бэлгийн мөөгөнцөрөөр их өвчилдөг вэ?

Зарим тохиолдолд бэлгийн мөөгөнцөр нь идэвхждэг. Жишээ нь:

Антибиотикийн хэрэглээ: Антибиотик нь хүний бэлэг эрхтэнд байдаг хэрэгтэй бактериудыг бүгдийг нь устгаж, мөөгөнцөр үүсэх үндэс суурийг тавьдаг. Ялангуяа пенициллиний төрлийн антибиотик нь илүү ихээр нөлөөлдөг.

- Жирэмсний үе: Дархлааны систем нь хэвлий дэх хүүхдийг хамгаалахын тулд жирэмсний явцад маш ихээр давамгайлж байдаг. Дархлааны систем давамгайлах нь мөөгөнцөр үүсэх таатай орчныг бүрдүүлж өгдөг байна.

- Жирэмснээс хамгаалах эм бэлдмэл: Жирэмснээс хамгаалах эм бэлдмэлийг хэрэглэх явцад бэлгийн мөөгөнцөр тусах нь ихээр ажиглагддаг. Энэ байдал нь ерөндөг тавиулсан эмэгтэйчүүдэд  бас ижилхэн байдаг.

Нейлонон дотуур хувцас: Цэвэр даавуун бус, нейлонон даавуугаар хийсэн дотуур хувцастай үед чийглэг орчин бүрдэж, мөөгөнцөр үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

- Архаг системийн өвчнүүд: Чихрийн шижин өвчин, бамбай булчирхайн үрэвсэл зэрэг архаг өвчтэй хүмүүс бэлгийн мөөгөнцөрөөр өвчлөх нь их байдаг. Ялангуяа чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь бэлэг эрхтний шингэн дэх сахарын хэмжээг өсгөхөд нөлөөлдөг бөгөөд энэ нь мөөгөнцөр үржих нөхцөлийг бий болгодог байна. Сахарын өвчтэй хүний хувьд сахарын хэмжээг байнгын тогтвортой байлгаж чадваас бэлгийн мөөгөнцөр тусах эрсдэл нь төдий чинээ багасдаг гэсэн үг юм.

- Гадны нөлөө: Бэлэг эрхтний ариун цэвэрт зориулсан элдэв үнэртэн, ариун цэврийн хэрэгсэл, буруу тампон хэрэглэх үед харшил өгч, улмаар мөөгөнцөр үүсгэдэг.

- Бэлэг эрхтнийг угаах: Бэлэг эрхтний дотор хэсгийг даралттай усаар шүршиж угаах нь тухайн орчны PH-ийн хэмжээг ихэсгэж, зарим төрлийн бактери, мөөгөнцөрийн үрэвслийг бий болгодог. Иймээс бэлэг эрхтний дотор хэсгийг ус, савангаар угаахгүй байх нь зүйтэй.

ДОХ: Хүний биеийн дархлааг тэр чигт нь устгадаг энэ өвчний үед бэлгийн мөөгөнцөр хамгийн түгээмэл тохиолддог.
- Ойр ойрхон, хүчирхийлсэн бэлгийн харьцаа: Бэлгийн хурьцал хэтэрхий ойрхон, хуурайшсан байхад нь албадан хүчирхийлэх маягаар бэлгийн харьцаанд орсон тохиолдолд арьсанд гэмтэл учруулж, улмаар үрэвсэж мөөгөнцөртөх суурийг тавьж өгдөг байна.

Бусад шалтгаанууд: Хэт таргалалт, цацраг идэвхит туяанд өртөх, дааврын эм бэлдмэл хэрэглэх зэрэг нь мөн мөөгөнцөрийг үүсгэх шалтгаан болдог

Бэлгийн мөгөөнцөрийг хэрхэн оншлох вэ?

Энэ өвчнийг оношлоход тун хялбар байдаг. Эмчийн үзлэгийн үед үтрээний хананд наалдсан ээдмэг цагаан зүйлс нь энэ өвчний шинж тэмдэгийг харуулж байдаг. Мэргэжлийн эмч үтрээнээс арчидас авч, мазокийн шинжилгээ хийснээр хариу гарах болно.

Бэлгийн мөөгөнцөрийг хэрхэн эмчлэх вэ?

Бэлгийн мөөгөнцөрийг амаар уух эм бэлдмэлийн зэрэгцээ, бэлэг эрхтэнд шургуулах лаа хэлбэрээр байж болно. Мөөгөнцөрийг устгах зориулалттай эм бэлдмэлийг antifungal буюу мөөгөнцөрийн эсрэг эм хэмээн нэрлэдэг. Амаар уусан эм нь хүний цусанд холигдож, дараа нь мөөгөнцөрийн эсүүдийг устгах нөлөөтэй байдаг. Амаар уух эмийн хажуугаар, зориулалтын лаа, крем зэргийг давхар хэрэглэвэл илүү үр дүнтэй эмчилгээ болж чадна. Хамгийн гол нь энэ эмчилгээг дур мэдэн хийж болохгүй. Зайлшгүй мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу хийх шаардлагатай гэдгийг санах хэрэгтэй.

Тогтмол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр урьдчилан сэргийлж болно

Ээдэм шиг цагаан зүйл зарим хүнд ялгардаг байхад, зарим хүнд огт ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх нь ч бий. Иймээс охид, бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн үзлэгийн үед ийм өвчин байгааг мэдэж, бага дээр нь эмчлүүлснээр дахин давтахааргүй болгож, үр дүнтэй эмчилгээг хийлгэж болно.

Бэлгийн мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Нейлонон бус даавуун дотуур хувцас хэрэглэх

- Дотуур хувцасаа халуун усанд буцалгаж, индүүдэж өмсөх

- Бариу биш, биед эвтэйхэн уужуу өмд өмсөх

- Бэлэг эрхтний дотор хэсгийг савандаж угаахгүй байх

- Бэлэг эрхтний гадна хэсгийг савангаар бус зөвхөн усаар угааж байх.

- Бэлэг эрхтний орчинд химийн бодис түрхэж хэрэглэхгүй байх, таарч тохирохгүй тампон хэрэглэхгүй байх.

- Бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэж байх.

- Эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлон, бассейнд орохгүй байх.

- 6 сард нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид тогтмол үзүүлж байх.

Дээрх үйлдлүүдийг мөрдлөг болгож чадвал бэлгийн мөөгөнцөр өвчнөөс өөрсдийгөө сэргийлж чадна. Хэрвээ таны бэлэг эрхтэнээс цагаан юм гарч байгаа бол юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авч эмчлүүлэх хэрэгтэй. Эмийн сангаас дур мэдэн эм авч хэргэлэх нь тухайн өвчнийг хэсэгхэн хугацаанд түр намдааж буй хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Билгүүнзаяа(66.181.161.21) 2024 оны 01 сарын 11

Жирэмсэн үед лаа хэрэглэж болох уу эрэгтэй хүнд ямар шинж тэмдэг илэрэх бэ яаж эмчлэх бэ

1  |  0
Baagii(117.111.18.27) 2024 оны 03 сарын 26

Erchuuded tohiolddog ym bolovu

3  |  2
Ууганцэцэг(66.181.161.85) 2024 оны 02 сарын 02

Эмчид үзүүлж эм аваад хэсэгтээ гайгүй болцон байсан чинь дахиад загтнаад шингэн гараад эхэллээ. Хуучин дотуур хувцастай хамааралтай байж болохуу? Эмчилгээний дараа дотуур хувцасаа хаяж өөрийг авах шаардлагатай байхуу?

1  |  0
Top