Нэр дэвшигчид цахим хэлбэрээр сурталчилгаагаа “хязгааргүй” явуулах боломжтой

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Удахгүй болох  УИХ-ын болон Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан өнгөрсөн  оны 12 сард УИХ-аас сонгуулийн тухай хуулийг яаран сандран батласан байдаг. Эл хуулиар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг  харьцангуй  цензурдсан, шинэ нэр дэвшигчдийг  нэлээд “боомилсон” шинжтэй болсныг ажиглагчид хэлдэг. Ялангуяа сонгуульд  шинээр нэр дэвшиж байгаа  кандидатуудад зөвхөн сонгуулийн сурталчилгааны 16 хоногт л багтааж өөрийгөө таниулах боломжийг Сонгуулийн хуулиар олгосон бөгөөд тэднийг  сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө ямар нэг байдлаар өөрийгөө сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бол нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авах тухай хуульд заасан байгаа нь олон хүний дургуйцлийг төрүүлж, болгоомжлолыг бий болгосон.

Дээр нь сонгуулийн сурталчилгаа эхлэсэн хойно ч гэсэн Сонгуулийн хуулиар телевизээр явуулах сурталчилгааг эфирийн цагаар, сонинд гарах сурталчилгааг хэвлэлийн хуудсаар  хэмжин хязгаарласан бол харин цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу  сайтуудад гарах сурталчилгаанд хэмжээ тавьж хязгаарлаагүй байгаа нь нэр дэвшигчидэд мэдээллийн сайтуудаар дамжуулан  сонгуулийн сурталчилгаагаа түлхүү явуулах боломжийг олгосон байна.

Сонгуулийн хуулийн 83-р зүйл. Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулах гэсэн зүйлийн 83.4–рт “Сонгуулийн сурталчилгааг интернэт орчин ашиглан явуулахад захиалагчийн нэр, эсхүл тэдгээрийн сонгуулийн штабын нэрийг заавал дурьдана” гэж заажээ. Эндээс үзвэл нэр дэвшигчид өөрийн нэр болон сонгуулийн штаб  /тухайн нэр дэвшигчийн харьяалагдах улс төрийн намын штаб байж болох/-ыг дурьдаад сурталчилгаагаа чөлөөтэй явуулж болох ба  телевиз, сонины тухайд хуульчлан заасан шиг ямар нэг хязгаарыг цахим хэлбэрээр сурталчилгаа явуулах тухайд заагаагаагүй  байна.

Мөн сонгуулийн хуулийн 70.5.18-д заасан “Эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг 83.4 заалттай уялдуулан ойлговол бүхэлдээ интернэт орчинд сурталчилгаа явуулахдаа захиалагчийн,  нэр дэвшигчийн сонгуулийн штабын нэрийг дурьдсан бол чөлөөтэй сурталчилгаа явуулж болохыг дурьдсан байна.

Өдрөөс өдөрт цахим хэрэглэгчид өсөж,  аливаа мэдээллийг цахим хэлбэрээр унших уншигчдын тоо нэмэгдэж байгаа энэ цаг үед интернэт орчиноор  дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа явуулах нь нэр дэвшигчдийн хувьд цаг хугацаа, хөрөнгө хүчээ хэмнэсэн зөв хувилбарын нэг  юм.  Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаа 16 хоногт багтаан явагдана. Ийм нөхцөлд Сонгуулийн хуулиар тоо хэмжээний хувьд хязгаарлаагүй хэлбэр болох Цахим орон зайг ашиглан сурталчилгаагаа явуулах нь нэр дэвшигчдийн хувьд хамгийн зохистой хувилбар гэж ажиглагчид хэлж байна.

Ц.Мөнх

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top