Улс төрийн намуудад мэдэгдэл хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Хүний эрх, хөгжлийн төлөөх Азийн Форум (FORUM-ASIA) нь өөрийн гишүүн байгууллага Хүний эрх хөгжил төв (ХЭХТ) болон Глоб Интернэшнл Төв (ХЭХТ), түнш байгууллага Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ (ANFREL)-ний хамтаар 2016 оны 6 дугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудад хандан, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн тал бүрийн асуудлуудыг тусгахыг уриалж байна. Тус мэдэгдэлд дурдсанаар хүний эрхийг хангах талаар уулзалт зохион байгуулахад ердөө долоон нам л хүрэлцэн ирсэн гэнэ. Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 


Монгол Улс: Хүний эрх нь ирэх сонгуулийн салшгүй, үндсэн бүрэлдэхүүн байх ёстой

1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын дараа бий болсон Монголын ардчилал нь харьцангуй шинэ боловч бэхжсэн хэмээн дэлхийн хэмжээнд тооцогддог. Гэвч ардчилалд хүрэх зам дардан байдаггүй. Тус улсад дэлхий нийтэд тархаж буй сонгогчдын идэвх буурах хандлага бий болж, 1990 оны УИХ-ын сонгуульд 98%-тай оролцож байсан сонгогчдын тоо 2013 онд 65,24% хүртлээ буурчээ. Эл үзэгдэл ихэнх тохиолдолд төр засгийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанд иргэд нь сэтгэл дундуур, төлөөллийн ардчиллыг өөрсдөд хамааралгүй хэмээн, нэн ялангуяа залуучууд үздэгээс үүдэлтэй байдаг. Улс төрийн намууд сонгогчдын идэвхийг дээшлүүлэхийн тулд  хүний эрхийн асуудлуудыг мөрийн хөтөлбөртөө аль болох өргөн хүрээтэй тусгах нь чухал байна. Тиймээс, УИХ-ын ирэх сонгууль нь оролцогч улс төрийн намуудад хүний эрх, хөгжлийн асуудлаар иргэний нийгэмтэй хамтран ажиллах таатай боломж олгож байна. 

Хүний эрхийн ТББ-уудын зүгээс улс төрийн бүх намуудыг иргэний нийгмийн байгууллагуудтай харилцан яриа өрнүүлэхээр урьсан боловч зөвхөн 7 нам, тухайлбал, Ардчилсан Нам, Монгол Ардын Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Хөдөлгөөний Нам болон Хөгжлийн Хөтөлбөр Нам уулзалтад оролцлоо. Хүний эрх хөгжил төв, Глоб Интернэшнл Төв болон Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форум нь хүний эрхтэй холбогдох гол зөвлөмжүүдийг улс төрийн намуудад танилцуулахдаа дараах бүлэг асуудалд ангилав. Үүнд: 

1)    Иргэний болон улс төрийн эрхийн асуудлаар:

-    Эрүү шүүлт болон хүнлэг бус харьцааг таслан зогсоох; 
-    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах;
-    Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллаганы үр нөлөөг дээшлүүлэх, хараат бус байдлыг нь хангах;
-    Сэтгүүлчид болон хүний эрхийг хамгаалагчдад үйл ажиллагаагаа явуулахад таатай эрх зүйн орчин бүрдүүлэх; 
-    Бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, Хүний эрхийн боловсролын үндэсний төлөвлөгөө батлах. 

2) Хүнс, ядуурлын асуудлаар: 

-   Хүнсний тусгаар байдал, хөдөө аж ахуйн асуудлаар богино, дунд, урт хугацааны хэрэгжилтийн төлөвлөгөө батлах,
-    Ядуурал, хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудлаар шийдвэр гаргах, бодлого боловсруулах явцад олон талт оролцоог хангах,
-    Бүртгэл, статистикийн байгууллагын хараат бус байдлыг хангах. 

3) Бизнес ба хүний эрх, байгаль орчин, хүний эрхийг хамгаалагчдын асуудлаар:

-    Нүүдэлч малчдын байгалийн нөөцийн эрхийг хамгаалах,
-    Олборлох үйлдвэрлэлийн салбарт хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах,
-    Уул уурхай, олборлох үйлдвэрлэлтэй холбоотой шийдвэр гаргах явцад олон нийтийн оролцоог хангах,
-    Уул уурхайн бүс нутгийн оршин суугчдын эрхийг хамгаалах,  
-    Олборлох үйлдвэрлэлийн улмаас хохирогчдын эрхийг сэргээн эдлүүлэх, тэдэнд нөхөн олговор олгох,
-    Бизнес болон хүний эрхийн асуудлаарх Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр бий болгох,
-    Хүний эрхийг хамгаалагчдад үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх. 

4) Хүүхэд, эмэгтэйчүүд болон гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар:

-    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, 
-    Ххүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх,
-    Хүүхдийн болон эхийн эндэгдэлийг бууруулах,
-    Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан зэрэг хүн амын эмзэг бүлгийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, 
-    Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 ба түүнээс дээш хувьд хүргэх,
-    Хүүхдийн эрхийг хамгаалах,
-    Хууль сахиулах албан хаагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, сургалт явуулах. 

5) Ялгаварлан гадуурхалтын асуудлаар:

-    Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тухайлсан иж бүрэн хууль тогтоомжтой болох,
- Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга удирдамж боловсруулж хэрэгжүүлэх,
-    Ялгаварлан гадуурхалтын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, 
-    ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн зөрчил, гэмт хэргийн талаарх мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх.

Цаашлаад, Монголын иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудад хандан, намын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тусгах, мөрийн хөтөлбөртөө хүний эрхэд суурилсан арга барил нэвтрүүлэх, хүний эрхийн боловсролын төлөвлөгөө боловсруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хянах, үнэлэх үйл явцад олон нийтийн оролцоог хангах, Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн батлах, иргэний нийгмийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хүний эрхийг хамгаалагчдыг, нэн ялангуяа байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрхийг хамгаалагчдыг хуулиар хамгаалах, эрх нь зөрчигдсөн хүмүүст нөхөн олговор олгох, зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхийг уриалж байна. 

Түүнчлэн, хүний эрхийн байгууллагууд Монгол Улсын олон улсын түвшинд гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэж байна. Учир нь, Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр өнгөрсөн онд сонгогдсон юм. УИХ-д шинээр сонгогдох гишүүд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 5-ны сонгуультай холбоотойгоор Ерөнхий Ассамблейд сайн дурын үндсэн дээр хүргүүлсэн үүрэг амлалтаа биелүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн UPR буюу Хүний эрхийн төлөв, байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс гаргасан 164 зөвлөмжөөс хүлээн авсан 150 зөвлөмжийг иргэний нийгмийн бүрэн оролцоотой хэрэгжүүлэх, мөн түүнчлэн  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохын хувьд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, сахин хамгаалахад онцгой үүрэгтэй оролцоход бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллах шаардлагатай. 

Хүний эрхийн ТББ-ууд Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж, чиг үүргээ баримтлан хараат бус байдлаа хадгалах, бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд сонгуульд оролцох боломж бүрдүүлэх, мөн түүнчлэн сонгогдох эрхийг бүх оролцогч талуудад адил тэгш хангахыг уриалж байна. Бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн чөлөөт, шударга сонгуулийн зарчмыг баримтлах, сонирхогч бүх талуудын ижил тэнцүү оролцоог хангах, эрх тэгш нөхцөлийг хуулиар бий болгох шаардлагатай. 2015 оны 12 дугаар сард шинэчлэн баталсан Сонгуулийн хуулинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй зүйл заалтууд агуулсан нь санаа зовоож байна. Бид, УИХ-д шинээр сонгогдох гишүүдэд хандаж, шинэчлэн баталсан Сонгуулийн хуулийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн, нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байна.   

Эцэст нь, бид Монгол улсын иргэн бүрт хандан, сонгуулийн эрхээ эдэлж, ардчиллын үйл явцад оролцох иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд болон бүх оролцогч талууд хамтран ил тод, үр нөлөөтэй ардчилсан сонгуулийн төлөө хамтран ажиллацгаая!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top