Банкууд дахь хадгаламжийн дүн өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 30

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар банкны систем дэх нийт хадгаламжийн дүн өсчээ. Дөрөвдүгээр сарын өссөн дүнгээр нийт 7.6 их наяд орчим төгрөгийн хадгаламж системийн хэмжээнд бүртгэгдсэн байна. Валютын хадгаламжийн дүн дараалан өсч байгаа нь нийт хадгаламж өсөхөд нөлөөлжээ. Валютын хадгаламж 2.2 их наяд төгрөг болж, он гарсаар 219 тэрбум төгрөгөөр буюу 11.2 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ хугацаанд ам.долларын төгрөгийн эсрэг албан ханш гуравдугаар сар дуустал оны эхнээс 2.7 орчим хувиар өсчээ. Эргээд дөрөвдүгээр сард ханш 2000-аас доош түвшинд буурлаа. Тавдугаар сар гарсаар ам.долларын ханшийн түвшин буурч байгаагаас валютын хадгаламж буурах хүлээлттэй байна. Сүүлийн жилүүдэд гадаад валютын ханштай холбоотойгоор валютын хадгаламж жилд дунджаар 36 орчим хувиар өсч байсан ч 2015 оны сүүлийн хагас жилд саарсан байна. Харин төгрөгийн хадгаламжийн өсөлтийн хурд сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байгаа аж. Одоогоор банкны системийн хэмжээнд нийт татан төвлөрүүлсэн эх үүсвэр буюу пассивын 38.7 хувь нь дотоодын хадгаламжийн эх үүсвэрээс бүрдэж байна. Арилжааны банк нь санхүүгийн гол зуучлагч гэдэг утгаараа хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлж, бодит эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлдэг байна. Татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжийн дүн, нийт зээлийн дүнгийн харьцуулсан үзүүлэлт оны эхний дөрвөн сарын байдлаар 149 хувьтай байгаа аж. Энэхүү үзүүлэлт 100 хувиас илүү байгаа нь эрсдэлтэй бөгөөд хадгаламжаас өөр эх үүсвэрээс зээл олголт хийгдэж байгааг илэрхийлж байна. Одоогийн байдлаар хадгаламжаас бусад эх үүсвэрт орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр мөн олон улсын байгууллагаас татсан бусад санхүүгийн эх үүсвэрүүд хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top