2040 он гэхэд Монголын залуучуудын тоо нийт хүн амын 29 хувь болж буурна

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 15

Монгол Улсын хүн ам 2040 он гэхэд 4 саяд хүрч, залуусын эзлэх хувь 29 хувь болж буурна гэж Монгол улсын хүний хөгжлийн зургаа дахь илтгэлд онцолсон байна. Одоогоор нийт хүн амын 34.9 хувь нь 15-34 насны залуус байгаа юм. Залуусын эзлэх жин өндөр байх тусам тэдний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэр хэмжээгээр улс  орны ерөнхий төлөвт эерэгээр нөлөөлнө гэж шинжээчид үздэг. Зүүн хойд Азийн орнууд дунд Монголын хүн ам хамгийн залууд тооцогдож байна. Хөдөлмөрийн насны хүн амын гуравны нэгээс илүү хувийг залуучууд эзэлж байгаа нь эдийн засаг хөгжих нэг бололцоо хэмээн Хүний хөгжлийн илтгэлд дүгнэсэн байна. Хүний хөгжлийн нэг гол хэмжүүр болсон боловсрол эзэмших байдлын хувьд Монгол улс 15-19 насны залуусын 80 хувь нь сургуульд суралцаж байгаа гэсэн харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан. Гэхдээ боловсролтой залуучууд ажилгүйдэлд өртөх эрсдэл өндөр байгааг илтгэлд судалгаагаар харуулжээ. Ажилгүй залуучуудын 63 хувь нь нэг жил гаруй, 40 гаруй хувь нь гурван жил гаруй хугацаанд ажил хайж буй нь урт хугацааны ажилгүйдэл, эдийн засгийн баталгаагүй байдлыг бий болгож байна гэж дүгнэсэн байна. Монгол улсын хүний хөгжлийн энэ удаагийн илтгэл “Ирээдүйн сайн сайхны төлөө: Монгол улсын хөгжилд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд бичигджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top