Саналын хуудсыг тойргуудад хүргэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 17

УИХ, ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Одоогийн байдлаар 14 аймаг, хоёр дүүргийн саналын хуудсыг хэвлэж дууссан байна. Эхний ээлжинд алслагдсан аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завханы саналын хуудсыг онгоцоор хүргүүлсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа аж. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг “Мөнхийн үсэг” компанид хэвлүүлж байгаа юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу саналын хуудсыг хэвлэж буй эсэхэд ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна.

Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглалт хийж байна.

Саналын хуудсыг энэ сарын 23 гэхэд хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top