Өвчин үүсэх шалтааныг тайлбарлах нь

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 20

Өвчин үүсэх шалтааныг тайлбарлах нь

   Дорно дахины анагаах ухаанд өвдөх өвчний шалтгааныг авч үзэхдээ элдэв нян бус хүний өөрийнх нь нүгэлт сэтгэлээс үүсэлтэй гэх бөгөөд үүнээс шалтгаалж хүний биеийн гурван биеийн тэнцвэр алдагдсанаас өвдөх өвчний шалтаг үүснэ гэдэг.

     Өвдөх өвчин үүсэх шалтгаан нь:

     1.Шунал, тачаал

      2.Уур

      3.Мунхаг ажээ.
   
    Шунал ихэдвэл хийн гэм хөдлөнө, уур ихэсвэл шарын гэм хөдлөнө, мунхаг(явдал мөр) буруудвал бадганы мөр хөдлөнө. Ингэж  хүний 3 гэмийн тэнцвэрээ алдаж өвдөх өвчний үйлийн үүд нээгдэнэ. Өвчний үйл нь:

1. Өнгөнд шунах, идээ эдэлбэгт шунах

2.Хэлэнцэт үйлд шимтэх, эрх мэдэл ахуйн жаргалд тэмүүлэх

3.Явдал мөрийг хэтрүүлэх, архи дарс буруу  цэнгэлд автах

4.Этгээд учрал тохиох

5.Цаг агаар, байгалийн элдэв үзэгдэл тохиох зэргээс болдог.

Өвдөх өвчний 3 гэм ба тэдгээрийн орших оронд (судлууд)

Дорно дахины анагаах ухаанд эр, эмийн цагаан, улаан дусал нийлж эхийн хэвтишт үр хөврөл болон тогтох үед үр хөврөлд нь хүйсийн судал бий болж хөгжлийн явцдаа биеийг бүрдүүлэх үндсэн их 3 судлыг үүсгэнэ гэж үздэг. Энэ гурван судлыг Дорно дахины анагаах ухаанд Ром, Жом, Ум судал хэмээн нэрлэдэг.

1.Ром судал нь: Аргын талын  наран судал бөгөөд тэр нь нурууны баруун талыг барьж хүйснээс дээшгүй нь тархинаа очин хамрын баруун нүхэнд хүрч зогсоно. Энэ судал нь гао мах бодитой тул элэгний галтай нийлж шарын гэмийг үүсгэх бөгөөд хүйснээс хүний биеийн орой, хөлний ул хүртэл нэхээсийн утас мэт байрлан амины илчний үйлвэр үүснэ.

2.Жом судал нь: билгийн талын саран судал бөгөөд нурууны зүүн талыг барьж хүйснээс дээшгүй  нь улмаар зүрхээр дамжин хүзүүг дагаж тархинаа очин хамрын зүүн нүхэнд хүрч зогсоно. Энэ судал нь усан мах бодитой тул зүрх, хоолойд барилдаж нугас,  тархийг тогтоон бадагны гэмийг үүсгэх бөгөөд амины урсгалын  үйлдвэр үүсгэнэ.

3.Ум судал нь: (ум гэдэг нь гол, хязгааргүй гэсэн утга) нь Ром, Жом судлуудын голыг барьж тогтсон 3 дахь судал юм.Энэ нь арга,билгийн тэнцвэрт тогтолцоог зохицуулан зүрхний голд очин барилдаж хийн гэмийг үүсгэнэ. Тийн  учир амины хийн үйлдвэр юм. Ум судлын хийн гэм нь хүйст орших боловч судлын доод үзүүрээс уруугаа гүйгч 3 хийн зам салж өтгөн, шингэн, дусал зэргийн гүйх сүвийг өөртөө агуулдаг онцлогтой. Ром,  Жом судлууд нь  Ум судал дээр бие биеэ ороон байрлаж хүний биеийн  чухал цэгүүд болох зангилаа (Чакара) үүсгэнэ. Эдгээр зангилаанууд нь оройн суудлын харалдаа 1, хоолойн харалдаа 1, зүрхний харалдаа 3, нууцын харалдаа 1 тус тус зангилаануудыг үүсгэн байдаг гэж Дорно дахины анагаах ухаанд үздэг. Мөн үүнээс гадна бие барилдуулагч  хэмээх загар, занаг гэсэн 2 төрлийн судал бий.

1.Загар хэмээх цагаан судал нь тархины гол дундаас эхлэн нугасаар дамжин ахар сүүл хүртэл үргэлжлэн салбарласан 19 судлыг загар судал гэж нэрлэнэ. Энэ загар судал нь усан мах бодитой байдаг бөгөөд тэдгээрийн 13  нь  дотор эрхтэн болох 5 цул, 6савт хүрнэ.

2.Занаг хэмээх хар судал нь эрхтэнийг ургуулагч судал бөгөөд түүнийг чилбэ гэж Монгол эмнэлэгт тэмдэглэдэг. Энэ хар судлаас 24 их судал салбарлан гарч, 5 цулд, 8 зүрхэнд 1,уушгинд 2,элгэнд 4, дэлүүнд 1, баруун,  зүүн бөөрөнд тус тус 1, самсаанд 1 тус тус очих ба хар судлаас гарсан дотор эрхтэний 8 судлыг нуугдмал судал гэнэ. Үлдсэн 16 судлаас салбарласан бүдүүн судлууд нь биеийн гадна гарч гар, хөл болон бүх биед тархан байрладаг бөгөөд энэ 16 судал нь нуугдмал 8 суудалтай холбоотой байдаг болохоор дотор эрхтэн болох таван цул, 6савтай холбоотой судлууд нь мөн ч ил гарсан байдаг гэж үзэж болно. Тийм учраас биеийн гадаргууд гарсан судлуудыг ашиглан гэмийн шалтгааныг тэмтрэн үзэж аливаа өвчнийг таних, зохих судсуудыг нь ханах засал хийдэг. Ханах судас 77 байх ба толгой, хүзүү орчим 21, гарт 30, шүд тойрон 4, хөлд 18, бусдад нь 4,4-өөр оноодон оршдог. Мөн ханаж үл болох эмзэг аньс хэмээх 112 судас байдаг гэж үзэх бөгөөд эмзэг аньс судал гэдэг нь  ханах үед цус хүчтэй олгойтох, мөн амин тамирын цус гүйх судал амь насанд осолтой газар байрласан судлуудыг эмзэг аньс судлууд гэнэ.

3.Насны судал гэдэг нь сүлд орших оронг хэлнэ. 32 үсгээр тэмдэглэгдэн байдаг бөгөөд насны судал нь амьсгалтай уялдаж гүйх бөгөөд энэхүү явцдаа Ром, Жом судлаас үйлийн хий, Ум судлаас билгийн хийг авч энэ 2 хийг нэгтгэснээр хүний амьсгалах чадавхийг дотроос нь үүсгэн бий болгодог онцлогтой бөгөөд ингэснээр хүний амьсгалах үйл ажиллагаа явагддаг. Насны судал нь хүний биеийг дамжин тойрч гүйх нь Ром,  Жом судлаар гүйнэ гэсэн үг бөгөөд энэ хий нь зүрх доторхи аводода судлаар бүх биенээ тархан гүйнэ. Ингэснээр хүний биенд орших сүлд хэмээх биеийн амин тамирыг үүсгэнэ.

                                                                                                                                                   www.budda.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hm oilgosongui(202.9.41.116) 2016 оны 06 сарын 21

sonin hundeer tailbarlasan yum taviad yanaa, tovch buguud todorhoigoor bicheed uguuch tavih ged bgam bol

0  |  0
Top