НЕТГ: Иргэд санал гаргасан тохиолдолд авто зогсоолын асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 21

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 60.9 хувь буюу 411 мянга гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнийг дагаад зогсоолын асуудал тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг болж байгааг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас мэдээллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн газар дээрх болон доорх авто зогсоолын барилга байгууламж, ил зогсоолыг төлөвлөх журмыг өнгөрсөн оны 10 дугаар сард баталсан юм. Энэхүү журмаар иргэн, хуулийн этгээдийн санаачилгаар авто зогсоолын гурван төрлийг төлөвлөх, барих эрх зүйн зохицуулалтыг шийдэж өгсөн байна. Авто зогсоолын төрлийн хувьд ил зогсоол, авто зогсоолын барилга байгууламж мөн газар доорх авто зогсоолын барилга байгууламж гэсэн гурван төрөлд хуваагддаг. Нийслэл хотод олон давхар ил зогсоол барих байршлыг судалгааны үндсэн дээр болон иргэдийн саналын дагуу шийдэж 27 байршлыг тогтоож өгсөн талаар НЗДТГ-ын Барилга, Хот Байгуулалтын хэлтсээс мэдээлж байна. Харин дээрээ тохижилттой газар доорх авто зогсоолын барилгын хувьд орон сууцны хороолол дундах талбайг ашиглах нь хамгийн боломжит хувилбар байдаг аж. Одоогийн байдлаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас 30 байршлыг тогтоож өгчээ. Мөн хорооны иргэд хамтран санал гаргасан тохиолдолд нийслэлээс асуудлыг судалж, шийдвэрлэх боломжтой юм байна.

Харин энэ чиглэлд компаниуд ямар ажил гүйцэтгээд байгааг харвал “Encanto” хотхонд олон улсын стандартад нийцсэн анхны авто зогсоол баригдаад байна. 7 давхар, 350 автомашины багтаамжтай тус зогсоолыг 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж төслийг хэрэгжүүлэгч “Камдер” компани мэдээллээ. Мөн Хан-Уул дүүрэгт 1000 авто машины олон давхар ил зогсоолыг байгуулж, энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Улаанбаатар хотод нийт 13 мянга 200 ширхэг авто гараж байгаа бөгөөд үүнээс 77 хувь нь зөвшөөрөлгүй баригдсан байдаг талаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сараана(49.0.191.250) 2016 оны 10 сарын 13

иргэд санал гаргасан тохиолдолд шийдэх боломжтой гэсэн сайхан мэдээ юм шиг боловч Яг үнэндээ бол иргэд санал гаргаагүй байхад граш барих иргэд нь тодорчихсон аль хэдийнээ бичиг баримтаа НЕТГ-ын тусламжтай шийдчихсэн. хүүхдийн тоглоомын талбай дээр граш барина гээд 40,50 хамгаалалтын албаныхан , бөхчүүдийг авчирч ирээд оршин суугчдыг доромжилж дайрч танхайрч байвал яахав? энэ одоо НЕТГ газраас баримталж байгаа зөв бодлого шийдвэр мөн үү ?. ЯГ одоо БЗД 18 хороо 14 -р байрны хүүхдийн тоглоомын талбай дээр ээлжит зодоон , танхайралт болж байна . бодит байдлыг нэг сурвалжилаач гэж хүсэх бна

0  |  0
Top