“М тод” компанийн ерөнхий захирал М.Тэмүүлэнтэй ярилцлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 28

-Бондоос авсан мөнгөө юунд зарцуулсан бэ?

-Манайх хөдөлмөр хамгааллын хувцсыг цогцоор нь үйлдвэрлэдэг. “Чингис” бондоос 300 сая төгрөгийн зээл авснаар сүүлийн үеийн технологитой оёдлын машинуудтай боллоо.  Ажиллах хүчин чадал маань 30-50 хувь нэмэгдсэнд баяртай байгаа. Ажлын байрууд ч энэ хэмжээгээр нэмэгдлээ. Манайх оёдлын бүх төрлийн сайн чанарын сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор дэлхийд үйлдвэрлэж байгаа хувцсыг чанарын өндөр төвшинд үйлдвэрлэх боломжтой болсон.

-Бондын санхүүжилт авснаас хойш ямар шинэ бүтээгдэхүүн гаргав?

-2013 онд сурагчийн дүрэмт хувцасны тендерт туслан гүйцэтгэгч, кластерийн үйл ажиллагаанд оролцсон. Сурагчийн дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэхэд оролцсондоо баяртай байдаг. Манай компани 2014, 2015 онд сурагч цэнхэр цамцны масс үйлдвэрлэлд оролцсон юм. Ер нь жил бүрийн долдугаар сараас есдүгээр сарын хооронд оёдлын салбартын амралтын маягтай болчихдог. Мөнгө олох боломжгүй сарууд байсан гэсэн үг. Гэтэл дүрэмт хувцсыг дотооддоо хийж эхэлснээс хойш оёдлынхон  маш завгүй ажилладаг болсон. Мэдээж тэр хэрээр үндэсний үйлдвэрлэгчид орлоготой, үйлдвэрийн ажилчид цалинтай болсон гэсэн том давуу тал бий.

-Танай үйлдвэр хөдөлмөр хамгааллын бүх төрлийн хувцас үйлдвэрлэж байгаа юу?

-Тийм ээ, бүх салбарын гутал, хувцаснуудыг үйлдвэрлэнэ. Шинэ бүтээгдэхүүн ч нэлээд гаргалаа.  Аяллын эрээн, ангийн эрээн гэсэн хос хувцсуудыг шинээр үйлдвэрлэсэн.

-Ажлын хувцас нийлүүлдэг том харилцагчид олонтой юу?

-Олон байлгүй яахав. MCS, “Дашваанжил газ”, Шарын голын уурхай гэж ирээд яривал олон харилцагч бий.

-Тулгамдсан асуудал байна уу?

-Төрийн байгууллагууд бондын төсөлд хамрагдаж үйлдвэрлэлээ өргөжүүлсэн компаниудтайгаа хамтарч ажиллавал асуудал шийдэгдэх гээд байна. Бидэнд захиалга өгч, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс маань худалдан авалт хийгээд эхэлбэл үйлдвэрүүд сэргэх асуудал биш. Шүүх, цагдаа, цэрэг арми, эмнэлгийн байгууллагууд хандаад эхэлбэл манай үйлдвэр бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэлэн байна.

 Х.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top