”Ирэх 4 жилийн амьдралаа өнөөдөр тодорхойлно шүү, залуучууд минь”

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 29

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07.00 цагаас орон даяар эхэллээ. Санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд 2016 оны УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм.

Сонгогчид санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах аж.

Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Мөн санал авах байр бүрт ажиглагч байгаа бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд 3966 төрийн албан хаагч оролцож байгаа юм байна.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 2-р хорооны сонгогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.

Иргэн Д.Оюунчимэг

Би өнөөдөр анх удаагаа сонгогчийн хувиар саналаа өглөө. 1980-аад оноос хойш дандаа хэсгийн хорооны дарга, төрийн албан хаагчаар ажиллаж, өнгөрсөн жил тэтгэвэртээ гарсан. Хэсгийн хорооны бэлтгэл ажил маш сайн хангагдсан байна. Иргэд ч идэвхтэй саналаа өгөх бололтой. Өглөө 07.00 цаг гэхэд 10-20 хүн ирж дуугарласан байсан. Сонголтоо хараахан хийж амжаагүй залуучууддаа хандаж хэлэхэд ирэх 4 жилийн амьдралаа өнөөдөр тодорхойлно шүү гэж хэлмээр байна. Тиймээс өөрийн сонгосон хүнээр УИХ болон НИТХ-д төлөөлүүлээрэй гэж хүсч байна.

Иргэн Б.Цэцэгмаа

Сонгуулийн хэсгийн хорооны ажил зохих ёсоор явсан боловч эхлэх ёстой цагаасаа 30 орчим минутаар оройтож эхэллээ. Харин бусад үйл ажиллагаа нь журмын дагуу сайн явагдлаа. Цагтаа эхлээгүйн улмаас нэлээд оочер дараалал үүссэн байсан. Сонгогчийн хувьд маш сэтгэл хангалуун байна. Урьд урьдны сонгуульд ихэвчлэн настай хүмүүс хагмийн түрүүнд ирдэг байсан бол өнөөдөр нэлээдгүй залуучууд харагдаж байна. Тиймээс хэсгийн хорооны ажилчид хурдан шуурхай ажиллах хэрэгтэй.

Иргэн Н.Ичинноров

Сэтгэгдэл маш өндөр байна. Бүх зүйл зохион байгуулалттай ажиллаж байна. Сайхан сонгууль болох байх гэж найдаж байгаа. 07.00 цагт ирэхэд арай нээгдээгүй байсан. Тэгээд нээлтээ хийж, бүх лаца авч, машинуудаа ажиллахуулах гэсээр байтал 07.30 минут болсон. Тэрнийг эс тооцвол санал өгөх үйл ажиллагаа сайхан болж байна. Хамгийн гол нь залуучууд идэвхтэй оролцох хэрэгтэй. Өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө өөрийн хувь нэмрийг бага ч болов оруулах хэрэгтэй шүү дээ.

Иргэн Д.Адьяадулам

Иргэд сонгуульдаа их идэвхтэй оролцож байна. Гэхдээ сонгуулийн хэсгийн хороод бага зэрэг хариуцлагагүй ажиллаж байна. Сая хараад байхад өчигдөр зөөврийн санал хураах ажиллагаанд санал өгөөгүй, гарын үсэг зураагүй хүний регистерийн дугаарыг андуураад шивээд оруулчихаж байсан. Тэгэж хариуцлага алдаж болохгүй шүү дээ. 

Иргэн Д.Оюунцэцэг

Хуулинд заагаагүй ч гэсэн намуудын үүрийн байр өнөөдөр ажиллах ёстой. Учир нь бүх нам, нэр дэвшигчид тэгш байдлыг хүртэх эрхтэй. Гэтэл сонгуулийн хэсгийн хороонд 100 метр хүрэхгүй газар МАН-ын үүрийн байр ажиллаж, үүрийн байрын нэрийн дор сонгуулийн штаб ажиллаж байна. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Энэ хороо бүх иргэддээ тэгш үйлчлэх ёстой. Бүх нам эвсэл, сонгуульд өрсөлдөж буй бүх нэр дэвшигчид шударга өрсөлдөх хэрэгтэй. Хүмүүсийн хэлж буйгаар өглөө 06.00 цагаас ажиллаж эхэлсэн гэнэ. Энэ байр нь хуучин МАН-ын гишүүн Т.Аюурсайханы сонгуулийн штабын байр байсан. Харин өнөөдөр үүрийн байр болгосон нэртэй ухуулга сурталчилгаа хийж байна.

Эх сурвалж: Unuudur.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top