НАМЭХ-оос нийт 15 эмэгтэй нэрээ дэвшүүлснээс 12 нь ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 01

Энэ сонгуулийн үр дүнгээс хамгийн их олны анхаарлыг татсан нь эмэгтэй нэр дэвшигчдийн үзүүлэлт байлаа.  2012-2016 оны парламентад 11 буюу нийт гишүүдийн 14.4 хувийг эмэгтэй гишүүн эзэлж байсан бол шинээр бүрэлдэх парламентад энэ тоо өсөх нь тодорхой болоод байна. Сонгуулийн эцсийн дүнгээр 13 эмэгтэй нэр дэвшигч тойрогтоо тэргүүлжээ. Тэдгээрийн 12 нь МАН, нэгхэн гишүүн АН-аас нэр дэвшигч билээ. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-оос нийт 15 эмэгтэй энэ сонгуульд нэрээ дэвшүүлснээс 12 нь ялалт байгуулж чадсан байна.

МАН-д саналаа өгсөн сонгогчдын олонхи нь эмэгтэйчүүд байгаа нь сүүлийн 3 жилийн НАМЭХ-ны идэвхтэй үйл ажиллагаатай багаггүй хэмжээгээр холбоотой юм. Түүнчлэн, МАН-ын мөрийн хөтөлбөрийн 60 орчим хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлууд эзлэж байгаа. Тэгэхээр ирэх 4 жилд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ачааны хүндийг үүрэх хариуцлага яах аргагүй энэ 12 эмэгтэйд ирж байна. 

Нөгөө талаас нь харвал, бие даасан лобби бүлэг байгуулах хэмжээнд ажиллах бололцоотой болсон явдал нь нийгмийн асуудлыг богино хугацаанд УИХ-аар шийдвэрлүүлж чадах бодит боломжийг Ард түмэн НАМЭХ-ны эмэгтэйчүүдэд олгожээ. 

Эцэст нь, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, эрүүл мэнд, боловсрол, урлаг соёл гэх зэрэг нийгмийн олон олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж нийгмээ өөрчилж чадна гэдэг хүлээлт, итгэл найдвар Монголын мянга мянган эмэгтэйчүүдэд  бий боллоо. Ард түмэн Ц.Цогзолмаагаар удирдуулсан эмэгтэйчүүдэд бодит эрх мэдэл өглөө, одоо өөрчлөлт хийх цаг нь ирлээ.

Ахмад сэтгүүлч Э.Түмэндэмбэрэл

ЭХ СУРВАЛЖ: WWW.SONIN.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top