Завхан аймгийн МАН-ын хорооныхон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 02

Завхан аймагт УИХ-ын болон ИТХ-ын сонгууль хуулийн дагуу явагдаагүй гэж тус аймгийн Монгол Ардын намын хорооныхон үзжээ. Тэд Ардчилсан намаас нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан, мөрийн хөтөлбөртөө тусгаагүй зүйлийг иргэдэд амласан, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж мэдэгдэв. Тухайлбал Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Загдхүүгийн Нарантуяагийн сонгуулийн штабын ажилтнууд иргэдэд мөнгө тараасан, нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулсан, эмнэлэг сувилалд үнэгүй амраах амлалт өгсөн, мөн Ядамсүрэнгийн Санжмятав сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж мэдээллээ. Үүнээс гадна Завхан аймгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороодын гишүүдийг дан Ардчилсан намын төлөөллөөр бүрдүүлсэн. Тэд зохион байгуулалттайгаар сонгуулийг будлиантуулж, Завханчуудын саналыг луйвардсан гэж Монгол Ардын Намынхан хэлж байгаа юм. Тухайлбал Ардчилсан намаас бүрдсэн сонгуулийн хэсгийн хороодын ажилтнууд тамга дарж баталгаажуулаагүй саналын хуудсаар сонгогчдын саналыг авсан гэх баримтыг дэлгэж байлаа. Мөн саналаа өгсөн иргэдийн бүртгэлийн дугаарыг баталгаажуулан мөнгө тараасан гэх баримтыг ч дурдлаа. Бас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд өрсөлдсөн ардчилсан намын хэд хэдэн нэр дэвшигч сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн баримтыг тэд цуглуулсан байна. Энэ бүх асуудлаар Завхан аймгийн Монгол Ардын Намын хорооныхон зохих байгууллагуудад нь ханджээ. Уг нь тус аймгийн 45 мянга гаруй сонгогч энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгсөн. Гэвч Ардчилсан намынхан Завханчуудын саналыг луйвардсан гэж тус аймгийн МАН-ын хорооныхон үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top