Рашаан, сувилалд нэг хоноход дунжаар 50 мянган төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 14

Зуны амралт ид үргэлжилж байна. Долдугаар сард найр, наадам хэсээд завгүй өнгөрдөг бол наймдугаар сард амралт, сувилалд яваад таардаг. Амрангаа биеэ сувилуулах гэж байгаа хүмүүст зориулан рашаан, сувиллын газруудын мэдээллийг хүргэе.

“АВАРГА ТОСОН”

Тус рашаан, сувилал нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт оршдог. Улаанбаатар хотоос 230 км засмал замаар яваад, Жаргалтхаан сумаас 40 км сайжруулсан шороон замаар явж хүрдэг юм байна.

“Аварга тосон”-гийн рашаан, шаврыг арьсны харшилд сайн гэдэг. Арьсны харшлаас гадна мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд, дотоод шүүрэл, бодисын солил-цооны эмгэг, хоол шингээх эрхтэн, яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна. Мөн үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртлийн дараах үед ч Аварга тосонгийн эмчилгээ үр дүнтэй байдаг аж. Харин зүрх судасны дутагдалтай, хордлогот бамбай, бөөрний дутагдал, хорт хавдар, сэтгэл мэдрэлийн өвчтэй, халдварт өвчтэй хүмүүст үйлчлэх боломжгүй юм байна. Мөн жирэмсэн эмэгтэй, бөөрний хурц үрэвсэлтэй болон сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмчлэхийг хориглодог юм билээ. Ерөнхийдөө Аварга тосонгийн анагаах шавар, Аураг рашаан, тосон нуур эмчилгээний гол хэсэг болдог.

“Аварга тосон”-гийн рашаан, сувиллын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо “Хан-гарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг аж. Үнийн хувьд өрөө, байрныхаа тохь тухаас хамаараад өөр, өөр юм. Зочид буудлын люкс өрөө хоногийн 100 мянга, хагас люкс өрөө нь 80 мянган төгрөг байх жишээтэй. Дүнзээр барьсан байрны люкс өрөө хоногийн 49800 төгрөг бол жирийн байрны люкс өрөө нь 41800 төгрөгийн үнэтэй. Хагас люкс өрөө сонгох бол нэг хоногт 32800 төгрөг төлнө. Дээрх өрөөнүүд хоёр ортой. Харин 2-4 ортой зочны байр нэг хүний 27800, 4-5 ортой энгийн өрөө 23800 төгрөгийн үнэтэй аж. Зочны гэр 26800, энгийн гэрт 23800 төгрөг төлөөд амарч болох юм байна. Хоёр нас хүртэлх хүүхэд хоногийн таван мянган төгрөгийн хоолны мөнгө төлөөд аав, ээжтэйгээ хамт унтаад амрах боломжтой. Харин 2-12 хүртэлх насны хүүхдүүд ор авахгүй бол өрөөний зэрэглэлээс хамаараад хоногийн 12800-15800, ортой бол 12800-38800 төгрөг төлнө. Эмчилгээ хийлгэхдээ илгээх хуудсан дээрээ оношоо бичүүлсэн байх учиртай. Мөн сувилалд мэргэжлийн эмч үзээд шаардлагатай эмчилгээг нь хийж өгөх аж. Тухайлбал, халуун шавар, рашаан нууранд орох, рашаан уух, бариа засал, биеийн тамирын эмчилгээ, татлага, физик эмчилгээ, зүү төөнүүр, чийрэгжүүлэх фитнес эмчилгээ хийдэг юм байна.

“Аварга тосон”-гийн рашаан, сувилал руу захиалгын төвөөс мягмар, пүрэв, бямба гаригуудад автобус явдаг. Сувиллын автобусаар явах бол ирж очихын 30 мянган төгрөгийн зардал төлөх аж.

Холбоо барих утас: 70153032, 70153033, 99098060, 95829916

 

“ШАРГАЛЖУУТ”

“Шаргалжуут рашаан сувилал”-ын газар нь  Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Хангайн нурууны өмнө хэсэгт Улаанбаатар хотоос 650 км, Баянхонгор аймгийн төвөөс зүүн хойно 60 км зайд оршдог. Анх 1954 онд анагаах чанаараараа дэлхийд хосгүй Шаргалжуутын бү­лэг рашааны орд газрыг түшиглэн байгуулагдсан ба өнөөг хүртэл 57 жил тасралтгүй ард түмэнд үйлчилж байгаа. “Шаргалжуут ра­шаан сувилал” нь байгалийн эмчилгээний хосгүй бүтээл  болох Шаргалжуутын 108 төрлийн рашаан, Үүдийн нуурын анагаах шаврыг дорнын уламжлалт эмчилгээ болох бариа засал, зүү төөнүүр, аппаратын эмчилгээ болох физик эмчилгээ, төрөл бүрийн усан эмчилгээ, биеийн тамир эмчилгээ зэргийг хослуулан хэрэглэж эмчлэн сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Тус рашаан сувилал нь Эрүүл мэндийн яамаар батлагдсан 400 ортой, магадлан итгэмжлэгдсэн улсын үйлчилгээтэй сувиллын нэг.

Эмчилгээ сувилгаа

• Рашаан уух эмчилгээ- Байгалийн жамаараа газрын гүнээс ундран гарч байгаа рашаануудыг эх ундрагаас нь шинээр нь уух нь онцгой сайн.

• Рашаан ваннд орох эмчилгээ- Өвчний заалтаар төрөлжүүлж  орох олон төрлийн рашаан ваннтай.

• Рашаан утлага эмчилгээ – Уушигны рашааны бүтэц найрлагад өөр хаана ч байдаггүй олон төрлийн эрдэс болон радон агуулагдсан байдаг учир үрэвсэл намдааж хоо­лойн хаван буулгах, цусан хангамжийг сайжруулж тайвшруулах үйлчилгээтэй байдаг.

• Халуун шавар эмчилгээ-Өндөр эрдэсжилттэй, радонтай анагаах шавраар эмчилгээ хийдэг.

• Замаг эмчилгээ – Шаргалжуутын рашаан дотор ургадаг +960 хэмийн халууныг тэсвэрлэх чадалтай хар халтар, улбар шар, ногоон, улаан зэрэг замгуудыг өвчний заалтаар тавьж эмчилнэ.

• Рашаанаар цөс, ходоод, гэдэс угаах эмчилгээ – Элэг, цөс, ходоодны болон нарийн гэдэсний рашаанаар угаах эмчилгээ хийнэ.

• Халуун рашаанаар бигнүүр, ороолт хийх, шавших, зайлах эмчилгээ-Гадуур эмчилгээний зориулалттай олон төрлийн халуун рашаануудаар бигнүүр ороолт хийх, зайлах, дусаах, шавших, жин тавих зэрэг рашаанаар эмчилнэ.

• Эмэгтэйчүүдийн эмчилгээ-эмэгтэйчүүдийн рашаанаар хийнэ.

• Халуун чулуун бигнүүр эмчилгээ-Дотроосоо рашаанаар халдаг энгийн бус хад чулуунуудаар ууц нуруу, бөөр давсагны өвчний үед бигнүүр эмчилгээ хийнэ.

• Агаар эмчилгээ-10 га талбайг хамран урсах 160 гаруй халуун рашаан булгуудаас үүсдэг уур манан нь сувиллын орчинг бүхэлд нь эрдэсжилт радонтай эмчилгээний био уур амьсгалтай болгодог. Шаргалжуутын агаарт сөрөг ионы хэмжээ нь  1м3  20 сая (ион/ м3) хүрч байгаа нь хаана ч байхгүй агаар эмчилгээ болно.Агаар дахь сөрөг ионы агууламж өндөр байх тусам эмчилгээний шинж чанар өндөр болдог. Сөрөг ион нь цус цэвэрлэх эд эсийг сэргээх, дархлааг сайжруулах, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй байдаг.

• Араматерапия эмчилгээ – Даралтны рашааны урсацыг дагаж зүрх судас, даралтны өвчний эмчил­гээнд хэрэглэдэг эмийн ургамлууд ургадаг. Рашааны халуун урсац эмийн ургамлаас ялгарах эфирийн тос фитонцидийн хэмжээ нь их байдаг учир радонтай рашааны уур, эмийн ургамлын эфир нь нийлээд онцгой үр дүнтэй Араматерапия эмчилгээ болдог. Үнийн хувьд хоёр ортой хагас люкс нь 45000, 2-4 ортой бол 40000, 3-4 ортой нь 36800, 2-4 ортой зуны байр 31000, гурван ортой гэр 31000 төгрөг ажээ. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон илгээх картгүй бол хоног тутам 11000 төгрөг нэмж төлөх юм байна. Дээрх үнэд өдрийн таван удаагийн хоол, эмчилгээ, байрны зардал бүгд багтсан. Харин тус сувиллын газрын унаагаар явах бол нэг талын замын зардал 32000 төгрөг ажээ.

Холбоо барих утас: 70003034, 70003032, 95829918

 

“ХУЖИРТ”

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт далайн түвшнээс дээш 1600 метрт, Улаанбаатараас 380 км-т оршдог. Нийслэлээс гараад л засмал замаар давхисаар байгаад очно. Тэндээ интернэт, утасны сүлжээтэй гэдгээрээ онцлогтой. “Хужирт” рашаан, сувилал захиалгын төвөөрөө дамжуулж захиалга авдаггүй юм байна. Харин өрх, дүүргийн эмнэлгээс илгээх хуудсаар очиход хангалттай аж. Илгээх хуудсаа аваад нийслэл дэх төлөөлөгчийн газраас автобусандаа суух учиртай. Төлөөлөгчийн газар нь “Тэнгис” кино театрын автобусны буудлын баруун талд, “Неткапитал” компанийн хоёрдугаар давхарт байдаг аж. Автобусны билет нэг талдаа 18 мянган төгрөгийн үнэтэй. Даваа, лхагва, баасан гаригуудад автобус явдаг аж. Харин үйлчилгээний үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаарч хоногийн 20-50 мянган төгрөгийн үнэтэй. Хүүхдийн хувьд 10-35 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Энэ дүндээ физик, рашаан, шавар, усан эмчилгээнүүд нь багтана. Мөн өдрийн таван хоолтой юм билээ. Ходоод, үе мөч, мэдрэл, гэмтлийн дараах эмчилгээнд Хужиртын рашаан өндөр үр дүнтэй аж.

Холбоо барих утас: 98100090

 

“НАР-ЭЛС” СУВИЛАЛ

Баруун аймгуудад цөөхөн сувилал байдгийн нэг нь “Нар-Элс” юм. Тус сувилал Говь-Алтай аймгийн Бигэр суманд байрладаг. Халуун элс, ингэний хоормогт голлосон эмчилгээ хийдэг аж. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүсний эмчилгээг физик эмчилгээтэй хослуулан хийдэг аж. Үнийн хувьд хоногийн 20 мян­ган төгрөг. 6-11 насны хүүхэд бол хоногийн 10, 2-5 насных бол таван мянган төгрөг юм байна. Энэ үнэд эмчилгээ, өдрийн таван хоол багтдаг.

Холбоо барих утас: 99082710, 99082703

 

“ӨВӨР ЖАНЧИВЛАН”

Нийслэлээс 75 км зайтай тус рашаан сувиллын хувьд нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авдаг. Долоо хоногийн да­ваа, мягмар гаригуудад ээлж сольдог. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүрт­гүүлж илгээх хуудсаа аваад суви­лалдаа очоод төлбөрөө төлөх бо­ломжтой. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭ-ийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байдаг.

Холбоо барих утас: 88001511

АР ЖАНЧИВЛАНГИЙН

РАШААН СУВИЛАЛ

Энэхүү сувилал нь нийслэлээс 60 км-ийн зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Рашаан, шавар, бариа засал, уламжлалт болон физик эмчилгээ хийдэг. Мөн халуун лаа, коктейлийн эм¬чилгээ хийж гүүний саам, цагаан ямааны сүү уулгадаг аж.

Дээрх эмчилгээнүүд нь ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхай, бодисын солилцоо, төмөр дутал, цус багадалтын эсрэг хэрэглэхэд тохиромжтой гэнэ. Уг сувиллын энгийн ор нь хоногт 21000-22000 төгрөг, люкс нь 26000 төгрөгийн үнэтэй. 3-8 настай хүүхэд хоногийн 10500, люкс 13000 төгрөг юм байна. Хэрэв эрүүл мэндийн даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ өдөр бүр дөрвөн мянган төгрөгийн нэмэгдэлтэй аж. Магадлан итгэмжлэгдсэн. Тус сувиллын бааз руу долоо хо­ног бүрийн даваа, пүрэв гаригт “Тэнгис” кино театрын баруун урд зог­соолоос 11 цагт автобус явах бөгөөд нэг талдаа дөрвөн мянган төгрөгийн замын зардал төлөх юм байна.

Харилцах утас: 99041639

 

ӨВӨР ЖАНЧИВЛАН ДАХЬ “ЗАДГАЙ ЦАГААН” РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлана. Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай аж.

Харилцах утас: 99156155

 

БАГАНУУР СУВИЛАЛ

Багануур сувилал нь Улаанбаатар хотоос 130 км зайд байрладаг. Нөхөн сэргээх үйлчилгээтэй бүхий л эмчилгээг хийдэг. Долдугаар сарын сүүлчээс эхлэн гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээг давхар хийдэг юм байна. Мөн архаг өвчин, үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулсан тусгай эмчилгээ хийдэг аж. Тус сувиллын энгийн ор өдрийн 13000, хагас люкс 18000, люкс 30000, супер люкс 80000 төгрөгийн үнэтэй юм байна. Магадлан итгэмжлэгдсэн.

Харилцах утас: 93049261, 93049274, 70210109

ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛАЛ

Уг рашаан сувилал нь нийслэлээс 200 гаруй км зайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт ор­шино. Рашаан, нөхөн сэргээх, фи­зик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь дотор болон хоол боловсруулах эрхтэн, са­­ха­­рын өвчинд тустай.

Харилцах утас: 70522742, 99733001

АРХАНГАЙН ШИВЭРТ

РАШААН СУВИЛАЛ

Тус рашаан сувилал нь нийслэлээс 510 км зайд оршино. Тэнд халуун рашаан, шавар, нөхөн сэргээх эмчилгээ буюу бариа засал, зүү төөнүүр, бумба тавих зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Халуун рашаан нь хүний биед зайлшгүй шаардлагатай натри, кали гэх мэт эрдэс агуулсан байдгаараа нэлээд онцлогтой юм байна. Энэхүү рашаан нь үе мөч,  яс, арьсны өвчинд тустай аж.

Харилцах утас: 9865 3212, 94963212

ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН СУВИЛАЛ

Энэхүү рашаан сувилал нь Улаанбаатар хотоос  1080 гаруй км зайд  Завхан аймгийн нутагт байрладаг. Халуун шавар, рашаан, уламжлалт эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр хийх, зүү тавих эмчилгээ хийдэг байна. Тэндхийн рашаан нь хавдраас бусад бүх өвчинд тустай гэнэ. Тухайлбал, үе мөчний өвчин, мэдрэл, нүд, зүрх, бөөр, ходоод гэх мэт эрхтэн бүрт тусгайлсан рашаантай юм байна. Төлбөрийн хувьд энгийн ор өдрийн 10000, люкс 12000 төгрөг. Хүүхэд 0-1 нас үнэгүй. 1-7 нас өдрийн таван мянган төгрөг, 8-15 нас өдрийн найман мянган төгрөг юм байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй иргэд үндсэн төлбөр дээрээ өдөр бүр 2-5 мянган төгрөг нэмж төлөх юм байна. Рашаан сувилал хүртэлх унаа пүрэв гариг бүр Улиастайгаас  явдаг бөгөөд нэг талдаа 10000 төгрөгийн зардалтай юм байна.

Харилцах утас: 99051478, 93036701

ХАСУ ХАНДГАЙТ ХУУРАЙ РАШААН СУВИЛАЛ

Нийслэлээс 27 км зайд Хандгайтын аманд байрлана. Уг рашаан сувилал нь хуурай рашаан хэрэглэж өвчнийг анагаадгаараа онцлогтой юм байна. Энэ нь Түвдийн өндөрлөг ууланд ургадаг эмийн ургамлын найрлага бүхий ванн эмчилгээ аж. Энд мөн халуун чулуун буюу бэгнүүрийн эмчилгээ хийдэг гэнэ. Эдгээр эмчилгээ нь ядаргаа болон хордлого тайлах, бодисын солилцоо сайжруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

Харилцах утас: 99027314, 99096938

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top