Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхав

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель бараалхав.

Уулзалтын эхэнд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель АСЕМ-ийн дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг маш сайн зохион байгуулж байгаа Монголын талд талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт хоёр жилд нэг удаа болдог тул 51 гишүүн орноос нэг оронд 100 жилийн хугацаанд дахин болох тийм ховор чухал үйл явдал болж байгааг онцоллоо.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель саяхан Монгол Улсад болсон УИХ-ын сонгуулийн дүнгийн тухай  болон эдийн засгийн байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцав.

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг цахим системээр явуулж, сонгуулийн дүнг 20-30 минутын дотор иргэд гэртээ сууж байгаад харах боломжтой байсныг, мөн Монгол Улсын сонгуулийн ардчиллын туршлагыг Киргизстан, Мьянмар зэрэг орон сонирхон судалж, сонгуулиа амжилттай явуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонирхуулан ярьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улс, ХБНГУ-ын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар болон бүс нутаг, олон улсын чанартай асуудлуудаар санал солилцон ярилцлаа.

Мөн ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.


Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Аммантай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож Монгол оронд морилон саатаж байгаад нь Швейцарийн Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.

Швейцарь Улсын Ерөнхийлөгч Ёханн Шнайдер Амман АСЕМ-ийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаад нь Монголын талд хариу талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Давосын Эдийн засгийн чуулганы үеэр уулзаж байснаа дурсацгаасан юм. Швецарийн Ерөнхийлөгч мөн Монгол Улс байнга төвийг сахих бодлого боловсруулан хэлэлцүүлгийн шатанд явж байгааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хоёр тал уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлж, ардчилал, хүний эрхийн салбарт хамтран ажиллаж байгаадаа харилцан сэтгэл ханамжтай байдгийг тэмдэглэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top