Г.Батбаяр: Ч.Хүрэлбаатар нярай хүүхдийн үхэлд буруутай

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 19

УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын ухуулагч мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж хүний эрхийн хуульч М.Ичинноров, өмгөөлөгч Г.Батбаяр нар өнөөдөр /2016.07.19/ мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр “УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 29-нд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын шадар туслах Б.Бат-Эрдэнэ гэгч залуу С.Отгонтуяа түүний нөхөр н.Чулуунбаатар нарт тус бүр 50,000 төгрөг өгч “Заавал явж Ч.Хүрэлбаатарын төлөө  саналаа өг. Нялх хүүхэдтэй учраас жийп машинаар авч явуулна гэж хэлсэн ч бүсгүйг машинд суулгалгүйгээр микро автобусанд суулган санал өгөх байр руу авч явсан. Тус микробусад олон хүн чихэлдэж явсан тул 26 хоногтой хүү амьсгалын дутагдалд орж, амьсгал хураасан. Тиймээс дөнгөж 26 хоногтой нярай хүүхдийн үхлийн гэм буруутай этгээдийг тодруулж, хуулийн дагуу хариуцлага оногдуулахаар Увс аймгийн Ардчилсан намыг төлөөлөн ажиллаж байна” гэлээ.

Эхээс мэндлээд эрүүл саруул бойжиж байсан Ч.Б.. хүү олон хүнтэй машинд ирж, очихын 260 км газар явахдаа амьсгалын дутагдалд орон бие нь муудаж, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдээд, долдугаар сарын 1-ний өдөр нас барсан байна.

Мөн өмгөөлөгч Г.Батбаяр “Ч.Хүрэлбаатарын ухуулагч Б.Бат-Эрдэнэ талийгаач хүүгийн аав, ээжид 100 мянган төгрөг өгч, тэдний саналыг худалдаж авсан нь хохирогчдын гомдол бусад нотлох баримтуудаар тогтоогдсон хэдий ч  Увс аймгийн Анхан шатны шүүхээс “Нас барсан хүүгийн ар гэрийнхэн мөнгө авсан. Гэвч Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өг гэж Б.Бат-Эрдэнэ хэлээгүй” гэсэн шалтгаанаар Ч.Хүрэлбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд өмгөөлөгч Г.Батбаяр “Эдгээр хүмүүсийг “Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд заасан бусдыг болгоомжгүй алах” гэсэн зүйл ангиар хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярилаа.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тараасан нь баримтаар нотлогдож, хүний амь нас хохирсон ноцтой гэмт хэрэг гарсан байхад Увс аймгийн Цагдаа, Прокурор, хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16. 1-д заасан Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг нягтлан шалгаж цуглуулах үүргээ биелүүлээгүй.

Ч.Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний туслах ухуулагч нар нь ял сонсож байсан. Увс аймгийн Ардчилсан намынхан Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн 51 уурхайг Солонгосын “Korea-Mongolia energy development” компанид 10 сая ам.доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Ч.Гансүх, Ч.Гантулга, найз Х.Дэмбэрэл нарт зарж мөнгийг нь өөрсдийн хувийн дансаараа шилжүүлэн авсан баримт олдсон. Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын уурхайн нөөцийг анх улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоосон. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон түүний хүмүүс ордыг стратегийн ордод оруулахгүй байх бүхий л аргыг хайж, улмаар улсын хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон нөөцийг дарж, 68 сая тонн болгон хуурамч дүгнэлт гаргуулсан гэж Увс аймгийн иргэд үзэж байгаа тухай хэлэв.

Иймээс өмгөөлөгч Г.Батбаяр дараах үндэслэлээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг буруутгаж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ. Үүнд:

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-д нэр дэвшихдээ Сонгуулийн тухай хуулийн 70.1.1-д заасан сонгогчийн саналыг татах зорилгоор бусдаар дамжуулан сонгогчдод ... мөнгө, ... эд зүйл, .. урамшуулал ... олгох, 70.5.16-д заасан сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт болон бусад дагалдах хуулиудын холбогдох заалтуудыг зөрчсөн.

Мөн Эрүүгийн хуулийн  82 дугаар зүйлд заасан Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулж болзошгүй гэх, Эрүүгийн хуулийн 130.1-р зүйлд заасан Монгол улсын Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будлиантуулах гэмт хэргийн хэв шинжийг агуулсан байж болзошгүй.

Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймгийн Бөхмөрөн суман дахь “Хотгор шанага”-ын уурхайн 51 хувийг Солонгосын “Korea-Mongolia energy development” компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаад байна. Ч.Хүрэлбаатарыг Түлш эрчим хүчний сайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга зэрэг өндөр алба хашиж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашигласан, мөн хуулийн 270-р зүйлд зааснаар Хууль бусаар хөрөнгөжих гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top