Сонгуулийн маргаан өсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 25

2016 оны УИХ болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн маргаан өмнөх сонгуулиудаас өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ талаар өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлангийн хурлын үеэр дурьдлаа.

Шүүхэд ирсэн сонгуулийн үеийн маргааны дийлэнх хувийг сурталчилгаатай холбоотой зөрчил эзэлсэн байна. Тухайлбал, сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн, мөн сурталчилгааны самбар буулгасан зэрэг зөрчил иржээ. Мөн нэрсийн жагсаалттай холбоотой, тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн маргаан ихээр ирсэн байна.

Сонгуулийн үеийн маргааныг шүүх тус бүрээр ангилан хүргэе.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд сонгуультай холбоотой 159 маргаан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Үүний 90 хувийг буюу 140 хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин үлдсэн 10 хувийг хянан шийдвэрлэж байгаа аж. Улсын дээд шүүхэд сонгуультай холбоотой 15 маргаан ирснийг хянан шийдвэрлэж байгаа юм. Эдгээр маргаан нь аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуультай холбоотой юм байна.

Ирсэн маргааныг төрлөөр нь ангилбал, захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн өмнө “нэрсийн жагсаалтад бүртгэхийг даалгах, бүртгэлээс хасуулах, тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэл голчлон иржээ. Харин сонгуулийн дараа “Түр үнэмлэх олгосон тогтоолыг хүчингүй болгох, тойрогт шилжиж ирсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүчингүйд тооцуулах, санал хураалтыг хүчингүй болгох” зэрэг нэхэмжлэл ирсэн байна.

Тэгвэл захиргааны хэргийн шүүхэд сонгуулийн маргаантай холбоотой 72 нэхэмжлэл иржээ. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 87 маргаан ирсэн байна.

Эрүүгийн хэргийн шүүхэд нийт 735 хэрэг хүлээж авчээ. Үүнээс 729 хэргийг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, 34.7 хувийг хэрэгсэхгүй болгосон, 9.7 хувийг торгосон, 19.9 хувийг буцаасан, 29.6 хувийг татгалзсан, 44 хэргийг даалгасан, үүрэг болгосон, баривчилсан байна. Эдгээр зөрчил нь Сонгуулийн тухай хуулийн 68-78 дугаар зүйл заалттай холбоотой юм байна. Тухайлбал, “Сурталчилгаа явуулах үйл аижллагаатай холбоотой, самбар авах, нэр дэвшигчдийн нэр төрийг гутаах” зэрэг зөрчил аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top