Элэгний эмчилгээний нэг цэг Чингисийн талбайд ажиллана

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 27

“Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.

Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.

Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.

Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг гэв. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн талаар өнөөдөр “Оном” сангийнхан өнөөдөр мэдээллээ.

Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.

Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн "Ледвир", "Ледифос", "Вирпас", "Хепсинат" эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.

Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.

Ямартай ч Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top