Газрыг сугалаагаар олгохоо болино

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 10


Улаанбаатар хотын захирагч С.Батболд газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөлтэй өчигдөр уулзжээ.

 

Иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй биечлэн уулзаж маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай. Бид иргэддээ үйлчлэх ёстой болохоос биш хүнд суртал гаргах ёсгүй гэдгийг хатуу анхааруулж ажиллах болно. Мөн газар олгохдоо сугалаагаар азаа үздэг уг явдлыг зогсоож, газар олголтыг нээлттэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулж ажиллана. Цаашид нийтийн эзэмшлийн талбайд барилга бариулахгүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй барилга барьсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд хариуцлага тооцно” гэв.

 

Мөн иргэдээс ирсэн гомдлуудыг дахин шалгуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ гэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top